Улсын эмнэлэг гэдэг угаасаа иргэдийнх байх ёстой газар. Даатгалаа төлсөн, татвараа төлсөн хүн өвдвөл очоод эмчилгээ хийлгэдэг, наад захын зүү тариур, наалт, дусал нь бэлэн байдаг байх ёстой. Гэтэл өнөөдрийн Монголд байдал эсрэгээрээ эргэжээ. Эмнэлэгт очсон хүн эмчилгээ авах биш, эхлээд эмнэлгийн хэрэглэгдэхүүнээ өөрөө худалдаж авах “даалгавартай” болчихсон байна.
Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн коридороор алхахад Монголын эрүүл мэндийн салбарын бодит дүр зураг шууд харагдана. Нарийн коридорын хоёр талд урт дараалал. Сандал хүрэлцэхгүй тул зарим нь зогсоогоороо дугаарлана. Өвчтэй хүмүүс эмчийн үзлэг хүлээж сууна. Гэхдээ тэдний ярьж буй зүйл нь өвчнийхөө тухай бус, эмнэлгийн доторх “хоосон агуулах”-ын тухай.
Ахимаг насны нэг эмэгтэй гурван сар шахам эмнэлгээр явж буй аж. Тэр эмчилгээ хийлгэх болгондоо бараг бүх хэрэглэгдэхүүнээ гаднаас авч ордог гэнэ. Зүү тариур, наалт, дуслын систем, зарим тариа хүртэл эмнэлэгт байхгүй. Тиймээс тэтгэврийн хэдэн төгрөгөөрөө эмийн сангаас авна. Нэг удаагийн хэвтэн эмчлүүлэхэд бараг нэг сая төгрөг зарцуулсан гэж тооцоолжээ.
Эндээс нэг энгийн асуулт гарна. Хэрвээ өвчтөн өөрөө зүү тариураа аваад ордог юм бол улсын эмнэлэг гэж байхын утга юу вэ?
Монголд эрүүл мэндийн даатгал гэж бий. Хүн бүр сар бүр төлдөг. Гэтэл тэр мөнгө яг хаашаа орж, юунд зарцуулагддаг нь хэнд ч тодорхой биш. Даатгал төлсөн хүн эмнэлэгт очиход “зүүгээ аваад ир”, “дуслаа гаднаас ав” гэсэн хариу сонсдог. Даатгалын систем ингэж ажилладаг улс дэлхийд ховор.
Эмнэлгийн коридорт сууж байсан дунд насны нэг эр асуудлыг илүү шулуухан тайлбарлав. Түүний бодлоор энэ бол эмч нарын буруу биш, тогтолцооны гажуудал. Монголд албан тушаал солигдох бүрт бүх шатны удирдлага дагаж солигддог. Сайд солигдвол агентлаг, агентлаг солигдвол эмнэлгийн удирдлага, цаашлаад хэлтэс, тасгийн дарга хүртэл солигдоно. Тэгээд шинээр ирсэн хүмүүс өмнөх системээ нурааж, дахиад “шинэчлэл” эхлүүлнэ. Ингэж явсаар эрүүл мэндийн салбар нь улстөрчдийн туршилтын талбар болж хувирчээ.
Эмч нар ажлаа хийдэг. Сувилагч нар ачааг нь үүрдэг. Харин шийдвэр гаргах ёстой хүмүүс нь сандал суудлын төлөө маргалдсаар сууна. Үр дүнд нь хохирч байгаа хүмүүс нь өвчтэй иргэд.
Хөдөө орон нутгаас ирсэн хүмүүсийн хувьд энэ байдал бүр хүнд. Орон нутагт нарийн шинжилгээ хийх боломжгүй тул хот руу явуулна. Хотод ирээд эмнэлгийн оочер, цаг авах систем, хаана хэнд хандахаа мэдэхгүй хэд хоног будилна. Дээрээс нь эмчилгээний хэрэглэгдэхүүнээ өөрөө худалдаж авна. “Улсын эмнэлэг болохоор зардал бага гарах байх гэж бодсон чинь бүр эсрэгээрээ юм байна” гэж нэг иргэн ярьж байв.
Зарим өвчтөн бүр сар бүр тогтмол эмчилгээ хийлгэдэг. Жишээ нь бөөрний архаг дутагдалтай нэг иргэн сард хэд хэдэн удаа өндөр үнэтэй тариагаа өөрөө худалдаж авдаг аж. Түүн дээр нэмээд эмнэлэгт байх ёстой зүү, тариураа хүртэл гаднаас авч орно. Өөрөөр хэлбэл өвчтөн эмнэлгийн системийг өөрөө “санхүүжүүлж” байгаа хэрэг.
Эмнэлгийн коридорт удаан суувал нэг зүйл тодорхой болно. Монголын эрүүл мэндийн салбарын асуудал ганц эм тариа тасалдсан асуудал биш. Энэ бол тогтолцооны асуудал. Төлөвлөлтгүй, хариуцлагагүй, улс төрийн томилгоонд баригдсан системийн үр дүн.
Улсын эмнэлэгт наад захын зүү тариур байхгүй болтлоо доройтсон салбарыг “санхүүжилт муу” гэж тайлбарлах амархан. Гэхдээ үнэндээ асуудал мөнгө биш, менежмент. Мөнгө байхгүйдээ биш, байгаа мөнгө нь хаашаа явж байгааг хэн ч мэддэггүйдээ л асуудал байгаа.
Эцэст нь нэг л бодол төрнө.
Монголд өвчин тусах хамгийн аюултай зүйл нь өвчин өөрөө биш. Харин тэр өвчнөө улсын эмнэлэгт очиж эмчлүүлэх гэж оролдох явдал болчихсон юм биш биз.
Б.АМАРТҮВШИН







Эрүүл мэнд








