“Стандартгүй нийгэмд амьд явах баталгаагүй.”
Энэ үг сүртэй сонсогдож магадгүй. Гэхдээ Заамарт болсон эмгэнэл энэ үгийг яг утгаар нь баталлаа.
Гурван настай хүүхэд уурхайн цооногт унаж амиа алдлаа.
Хүүхэд болгоомжгүй байсан учраас биш.
Аав ээж нь анзаараагүй учраас ч биш.
Харин цооногийг аюулгүй болгож, нөхөн сэргээлт хийж, хүний хөл хүрэх газар эрсдэлгүй байлгах ёстой стандарт хэрэгжээгүй учраас.
Тэр нүх өөрөө стандартгүй нийгмийн бэлгэ тэмдэг байлаа.
Уурхай ашигласан бол нөхөн сэргээлт хийх стандарттай байх ёстой.
Ил задгай цооног байж болохгүй.
Хүн, мал, хүүхэд ойртож болох эрсдэлтэй бүс хамгаалалттай байх ёстой.
Хяналт нь тогтмол байх ёстой.
Гэтэл байгаагүй.
Тэгээд нэг хүүхэд унасан.
Тэгээд араас нь Монголын төр очсон.
Эндээс дараагийн стандартгүй байдал эхэлсэн.
Аврагчид олон цагаар тасралтгүй ажилласан. Хүн хүч, сэтгэл гаргасан. Тэрийг хэн ч үгүйсгэхгүй.
Харин XXI зуунд, уул уурхайн гол орлоготой улсын аврах ажиллагаа шар канистраар ухсан шороогоо зөөж, хүрз метр хоёроор хэмжигдэж байгааг харахаар үнэхээр гашуун.
Гүний тусгай камер хаана байсан бэ.
Нарийн өрмийн төхөөрөмж хаана байсан бэ.
Хөрсний хөдөлгөөн хэмжих мэдрэгч хаана байсан бэ.
Аврах ажиллагааны зориулалтын стандарт тоног төхөөрөмж хаана байсан бэ.
Яагаад хувийн компанийн техник сураглах хэмжээнд хүрэв.
Яагаад осол гарахаар л бидэнд юу байхгүйгээ мэддэг юм бэ.
Энэ бол нэг байгууллагын асуудал биш.
Нэг даргын алдаа ч биш.
Энэ бол стандартгүй нийгмийн системийн асуудал.
Монголд бид өглөө гэрээс гараад л стандартгүй орчин дундуур алхдаг.
Стандартгүй зам.
Стандартгүй зогсоол.
Стандартгүй барилга.
Стандартгүй сургууль.
Стандартгүй тоглоомын талбай.
Стандартгүй хяналт.
Энэ бүгдийг өдөр бүр туулаад ирэхээр хүн дасчихдаг.
“Яах вэ дээ Монгол шүү дээ” гэдэг.
Хамгийн аюултай үг энэ.
Хөгжсөн улс орон гэж өндөр байшинтай газрыг хэлдэггүй.
Стандарт мөрддөг нийгмийг хэлдэг.
Уурхай хаагдвал нүхийг нь хэрхэн булж хамгаалах нь стандарт.
Сургууль баривал хүүхэд яаж аюулгүй гарах нь стандарт.
Онцгой байдал очвол ямар техник хэдэн минутын дотор очих нь стандарт.
Энэ бүхэн цаасан дээр байдаг дүрэм биш.
Амьд үлдэх баталгаа.
Заамарт нүхэнд нэг хүүхэд унасан.
Гэхдээ үнэндээ тэр хүүхэд зөвхөн цооног руу унаагүй.
Стандартгүй орчин руу унасан.
Хяналтгүй тогтолцоо руу унасан.
Бэлтгэлгүй төрийн үнэн рүү унасан.
Тэгээд бид бүгдээрээ тэр нүхний ирмэг дээрээс өөрсдийгөө олж харлаа.
Монгол Улс уул уурхайгаар амьдардаг гэж ярьдаг.
Гэтэл уурхайн дараах нөхөн сэргээлтийн стандартаа мөрдүүлж чаддаггүй.
Онцгой байдлын алба бий гэж ярьдаг.
Гэтэл бодит эрсдэлийн өмнө хамгийн энгийн тоног төхөөрөмжөө ч бүрэн гаргаж чаддаггүй.
Төсөв мөнгө байхгүй гэж тайлбарладаг.
Харин тансаг машин, ашиггүй төсөл, тендер дээр мөнгө хэзээ ч тасардаггүй.
Тиймээс энэ бол ганц эмгэнэлийн тухай нийтлэл биш.
Энэ бол бид юуг хэвийн гэж үзсээр ирсний тухай.
Монголчууд өнөөдрөөс эхлээд нэг үгийг илүү чанга яримаар байна.
Стандарт.
Хүүхдийнхээ сургуулиас стандарт асуу.
Орон сууцныхаа лифтийг шалгуул.
Тоглоомын талбайнхаа аюулгүй байдлыг шаард.
Уурхайн нөхөн сэргээлтийг нэх.
Онцгой байдлын бэлтгэлээс асуу.
Учир нь стандарт гэдэг уйтгартай албаны нэр томьёо биш.
Стандарт бол амьд явах баталгаа.
Тэр баталгаа нурвал хамгийн түрүүнд хамгийн сул нь өртдөг.
Заамарт тэр сул нь гурван настай хүүхэд байлаа.
Дараагийнх нь хэн байхыг хэн ч мэдэхгүй.

Б.АМАРТҮВШИН







Нийгэм






