АНУ-ын Сан Диего хотноо аравдугаар сарын 4-6-нд болсон " San Diego open-2019” дэлхийн цомын тэмцээнд манай тамирчид амжилттай оролцож 81 кг-ийн жинд М.Анхцэцэг алт, 64 кг-ийн жинд Г.Ануужин мөнгө, +87 кг-ийн жинд Э.Билэгсайхан хүрэл медаль, Ч.Нямзул тавдугаар байрт оржээ.
Манай баг Тайландаас шууд Америкийг зорин тус тэмцээнд оролцсон юм. Токиогийн олимпийн эрх авахын тулд 4-5 том тэмцээнд оролцох ёстой. Нэг гачлантай нь АНУ, Дубай зэрэг замын зардал өндөртэй газруудад тэр нь болдог. Хаа байсан Америк байтугай Тайланд руу явах гэж зардал мөнгөгүй хэцүүдэх шахсан. Ядуу орны зовлон гэж. Асуудал их байгаа ч Анхаа маань Дэлхийгээс хошой хүрэл медальтан болсон нь гайхамшигтай.
Туйванч охидууд маань хүчний гайхамшиг үзүүлж байхад Оюун ухааны тамирчид Бали аралд "Баллаж өгөв". Бүх насанд, төрөлд 90 медаль олгох ёстойгоос 67 нь Монголчуудынх болсон гэхээр Гайхалтай хэмээх үг багадана. Зүгээр ч нэг аварга болсонгүй ээ. Дэлхийд 4 дээд амжилт бүртгүүлж орхив. Э.Лхагвадулам хэмээх шавилхан охин Дэлхийд хэдэн ч рекорд бүртгүүлэв, бүү мэд. Энэ удаа 2 рекорд тогтоолоо. Мөн ч айхтар Оюунлаг хүүхдүүд юм. Энэ сайхан "Оюунлаг толгойнууд"-ыг энэ төр засаг яаж ашиглах юм бол доо. Энэ янзаараа ашиглах шинжгүй ээ. 3, 4 мундаг хүүхдүүд лав АНУ, Швед зэрэг газарт байгаа даа. Хоёр ихэр "ШҮР" нэг нь хувиараа, нэг нь тэтгэлэгээр Хятадад сурдаг гэсэн. Хатанбаатарт Хөдөлмөрийн баатар цол өгнө гэж байхаар Хангалтай мөнгө өгөөсэй гэж заримдаа бодох юм. Их хурлын Зандка дарга лав дэмжихээ илэрхийлсэн. Ерөөлтэй болтугай.
Улаан Үд Боксын ДАШТ. ӨЧИГДӨР Б.Мөнгөнсаран маань рингэнд гарсан. 4-1 харьцаагаар ялагдав. Уг нь мундаг тоглосон юмсан. Нас залуу, цус шингэн байна. Олон олон тэмцээн чамайг хүлээж байгаа шүү. Хичээгээрэй тулаанч охидууд минь.
Германы Штутгарт хотноо спортын гимнастикийн ДАШТ үргэлжилсээр. Манай ганц дайчин А.Энхтулга маань олон төрөлтөөр өнөөдөр дасгалаа хийсэн бололтой. Дэлгэрэнгүй мэдээлэл олохоороо та бүхэнд мэдэгдэмз. Спортын гимнастикийн заал гэж үнэн өрөвдөлтэй заал бий. Ядаж байхад газрын маргаантай, бүүр заал ч үгүй болж мэдэх нөхцөлтэй байгаа. Спортын гайхалтай мэдээ бичихээр нөгөө л мөнгө хөрөнгө рүү халтираад явчих юм.
Ийм нөхцөлд өндөр амжилт гаргаж буй тамирчдаараа бахархнам.
Аргагүй Чингисийн удам.
Ч.Амартүвшин