ЦЕГ: ЗАЛИЛАНГИЙН ХЭРГЭЭР 531.9 ТЭРБУМ, ХАР ТАМХИНЫ ХУУЛЬ БУС ЭРГЭЛТЭЭР 6.6 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ УЧРААД БАЙНА
Нэг. Нийт гэмт хэргийн гуравны нэгийг залилан эзэлж байна
Энэ оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 34 хувийг залилах гэмт хэрэг эзэлж, түүний тоо 15,628-д хүрээд байна. Цагдаагийн байгууллага бүртгэгдсэн хэргийн 53.7 хувийг илрүүлж, 12,851 хэргийг (82.2%) шийдвэрлэжээ.
Энэ төрлийн гэмт хэргийн улмаас иргэдэд 531.9 тэрбум төгрөгийн хохирол учирснаас мөрдөн шалгах ажиллагааны явцад 218.7 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлж, нуун дарагдуулсан 10.5 тэрбум төгрөгийн хөрөнгийг илрүүлсэн байна.
Нийт залилах гэмт хэргийн 76.4 хувь буюу 11,939 нь цахим орчинд үйлдэгджээ. Үүнд:
-
Бараа үйлчилгээ захиалгаар: 3,798 хэрэг
-
Бусдын цахим хаягийг ашиглаж: 2,060 хэрэг
-
Тээврийн хэрэгсэл, сэлбэг захиалгаар: 1,447 хэрэг
-
Телеграмм аппликейшнээр: 1,367 хэрэг
-
Лайв, сугалаа, мөрийтэй тоглоомоор: 1,289 хэрэг
-
Валют арилжаагаар: 310 хэрэг
-
Зээл зуучлалтай холбоотой: 371 хэрэг
-
Хандив тусламжийн нэрээр: 112 хэрэг
-
Ажил, сургуульд оруулна гэж: 59 хэрэг
-
Бусад хэлбэрээр: 1,126 хэрэг
Онц их хэмжээний хохиролтой хэргүүд:
-
"Онлайн алтны захиалга" нэрээр баталгаат сорьцтой алтыг хямд зарна гэж хуурамч зар байршуулан 200 гаруй иргэнийг 10 тэрбум төгрөгөөр залилсан хэрэг.
-
“Өргөн хэрэглээний барааг зах зээлийн үнээс хямдаар нийлүүлнэ” гэж 312 иргэнээс 18.9 тэрбум төгрөг залилсан хэрэг.
Дээрх хэргүүдийг үйлдсэн зохион байгуулалттай 2 бүлгийн 5 иргэнийг тогтоон, мөрдөн шалгаж байна. Цагдаагийн байгууллагаас богино хугацаанд өндөр ашиг амласан саналд хууртахгүй байх, ямар ч тохиолдолд урьдчилгаа төлбөр шилжүүлэхгүй байхыг ОНЦГОЙЛОН анхааруулж байна.
Хоёр. Кибер гэмт хэрэгтэй тэмцэх "Антискам" төв 24 цагаар ажиллаж байна
Цахим орчны залилан нь хэд хэдэн данс дамжин богино хугацаанд виртуал хөрөнгө (криптовалют) болон хувирч, гадаад улс руу гардаг онцлогтой. Үүнтэй тэмцэх, иргэдийн мөнгөн хөрөнгийг хамгаалах зорилгоор цагдаагийн байгууллага залилагчдын ашигласан дансыг шуурхай царцаах чиг үүрэг бүхий “Антискам” төвийг 24 цагаар ажиллуулж байна. Мөн Санхүүгийн зохицуулах хороо, крипто биржүүдтэй хамтран цахим хэтэвчүүдэд хязгаарлалт тогтоож эхэлжээ.
Монголбанк, Улсын ерөнхий прокурорын газартай хамтран ажилласны үр дүнд мөнгөн хөрөнгийн хууль бус шилжилтийг зогсоосон дүн:
-
2024 онд: 13.2 тэрбум төгрөг
-
2025 онд: 15.9 тэрбум төгрөг
-
2026 оны өнөөдрийг хүртэл: 15.1 тэрбум төгрөгийн шилжилтийг хязгаарлаж чаджээ.
Иргэд цахим залиланд өртөж хохирсон бол цаг алдалгүй Цагдаагийн байгууллагын 102 болон 5126-5666 тусгай дугаарт хандах шаардлагатай.
Гурав. Хураагдсан хар тамхийг устгалгүй зардаг гэх мэдээлэл үндэслэлгүй
Энэ оны эхний 9 сарын байдлаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 430 гэмт хэрэг илрүүлж, 463 хүнийг холбогдогчоор татсан байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс гэмт хэрэг 2.1 дахин, хэргийн холбогдогч 1.8 дахин өссөн үзүүлэлт юм.
Цагдаагийн байгууллага хууль бус зах зээлд нийлүүлэгдэх гэж байсан 15 төрлийн 123,550 хүн нэг удаа хэрэглэх тун бүхий бодисыг хураан авч, 6.6 тэрбум төгрөгийн хууль бус эргэлтийг таслан зогсоожээ. Мөн гадаадаас нийлүүлэлт хийдэг 5 бүлгийн 12 этгээдийг баривчилсан байна. Интерполын шугамаар 2024 оноос хойш эрэн сурвалжлагдаж байсан 22 этгээдийг тогтоож, 2 иргэнийг шилжүүлэн авчирсан бөгөөд өдгөө гадаад улсад энэ төрлийн хэргээр Монгол Улсын 43 иргэн хорих ял эдэлж байна.
Хураагдсан бодисыг устгах үйл ажиллагааны тухайд:
Эд мөрийн баримтаар хураагдсан мансууруулах бодисыг мөрдөн шалгах хугацаанд тасралтгүй камерын хяналт дор хадгалдаг. Шүүхийн шийдвэр эцэслэн гарсны дараа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэн устгадаг бөгөөд энэ үйл ажиллагаанд Цагдаа, Прокурор, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүх шинжилгээний ерөнхий газар гэсэн харилцаа хамааралгүй 5 байгууллага хамтран хяналт тавьж оролцдог.
Иймд цахим орчинд гарсан “хураагдсан хар тамхийг устгалгүй худалдан борлуулсан” гэх мэдээлэл бол ямар ч үндэслэлгүй, худал мэдээлэл болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
ТАТАР МАЙДАР







Нийгэм



