Дорноговь аймгийн Замын-Үүдийн “Гэгээн” нарны цахилгаан станцад түшиглэн Монголд анх удаа ачааны автомашин цэнэглэх эхлэл тавигдлаа. “Монложистикс групп” энэ оны наймдугаар сард Улаанбаатар–Замын-Үүд–Улаанбаатар чиглэлийн автозамд хүнд даацын бүрэн цахилгаан автомашины туршилтын тээврийг амжилттай зохион байгуулсан. Энэхүү туршилтаа тээврийн үйлчилгээнд шилжүүлэх дэд бүтцийн эхлэлийг өнөөдөр /2026.11.07/ тавьж байна. Тус төслийг “Монложистикс групп”, “Эм эм эс инженеринг” ХХК, CU ая тухтай дэлгүүр хамтран хэрэгжүүлж буй юм.

Ерөнхий сайд Н.Учрал ногоон шилжилт бол шинэ эдийн засгийн суурь, шинэ хөгжлийн шинэ эриний эрүүл хөрс юм гэдийг тэмдэглээд гадагш урсгадаг зардлаа эх орондоо үлдээх боломжийг нэвтрүүлж буй бүтээн босгогч инженерүүд, нийт ажилтнуудад нь баяр хүргэж, амжилт хүслээ. Ногоон өртөө байгуулах, эрчим хүч үйлдвэрлэлээ өргөтгөх санаачилгыг Засгийн газар бүрэн дэмжихээ илэрхийлээд ногоон өртөө байгуулах газар, техникийн нөхцөл холболт, зөвшөөрөл олгох ажлыг шуурхайлах, давхардсан олон шаардлага, гох дэгээ, хүнд суртлаар боломжийг чөдөрлөх ёсгүйг анхааруулав. Ногоон өртөөд дээр нэмж боомтын гарц, тэр тусмаа цахилгаан автомашины ногоон гарц нээх талаар судалж, дэмжиж ажиллахыг Зам, тээврийн яам, Чөлөөт бүсийн удирдлагад үүрэг болгов.

Монгол Улс жилд хоёр тэрбум ам.долларын дизель түлш импортолж, үүний 30 хувийг ачаа тээвэрт, 60 хувийг хүнд машин механизмд хэрэглэж байна. Зөвхөн ачаа тээврийн дизель түлшинд жил бүр 600 сая ам.доллар зарцуулдаг. Ачааны цахилгаан машины анхны худалдан авалтын үнийн зөрүү хоёр жилийн дотор нөхөгдөх боломжтой гэсэн тооцоо бий. Тээврийг цахилгаанжуулж, цэнэглэх дэд бүтцийг өргөжүүлэх нь түлшний үнийн өсөлт, нийлүүлэлтийн тасалдлаас хамаарах эрсдэлийг бууруулах ач холбогдолтой.
Хувийн хэвшлийн компаниуд Замын-Үүд–Улаанбаатар чиглэлийн зам дагуу долоон ногоон өртөө байгуулж, ачааны 200 цахилгаан автомашин нэвтрүүлэх зорилготой ажиллаж байна. Эдгээр өртөөнд 5 МВт хүртэлх нарны цахилгаан станц, эрчим хүч хуримтлуурын систем, түргэн цэнэглэгчүүд, 24/7 хоолны газар, амрах цэг, ая тухтай дэлгүүр, кофе шоп зэргийг байгуулна. Төслийг хэрэгжүүлэхэд 66 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай бөгөөд 2027-2030 онд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Дээрх төслийн үр дүнд импортын эрчим хүчний хараат байдал буурна. Ачаалал бага үед хуримтлуулсан сэргээгдэх эрчим хүчээ оргил ачааллын үед ашигласнаар сүлжээний тогтвортой байдал дээшилнэ. Манай улсын хүнд даацын ачаа тээвэр жилд 74 сая литр дизель түлш хэрэглэдэг. Зөвхөн Замын-Үүд-Улаанбаатарын чиглэлд хүнд даацын тээвэр хийх 200 цахилгаан автомашин 6.4 сая долларын импортын түлш хэмнэнэ. Импортын тээврийн үнэ 40 хувь хүртэл буурах боломж бүрдэнэ. Хүнд даацын тээврийн хэрэгслийн дуу чимээ 90 хувиар буурна. Орон нутагт түр болон байнгын 100 гаруй ажлын байр бий болно.

Цаашид уул уурхайн салбарын ногоон шилжилтийг эрчимжүүлэхээр ажиллаж байна. Хүнд машин механизмын дизель түлшинд жилд 1.2 тэрбум ам.доллар зарцуулдаг. Хамгийн том 6-7 уурхайг цэвэр технологид шилжүүлэх нь салбарын түлшний хэрэглээг бууруулах томоохон боломж юм. “Оюу толгой” нь 91 тоннын даацтай, батарей сольдог найман цахилгаан машиныг туршиж, МАК компани уурхайнхаа эрчим хүчний хэрэглээг сэргээгдэх эх үүсвэрээр хангах ажлыг хэрэгжүүлж байна.

Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд 2026 оны дөрөвдүгээр сарын 29-нд “Түлш, эрчим хүчний хараат байдлыг бууруулах тухай” “Ногоон тогтоол” баталсан. Анхны “Ногоон өртөө” 2026 оны зургаадугаар сард Булган аймгийн Хутаг-Өндөр суманд байгуулагдсан. Үүнээс хойш зургаан сарын хугацаанд Улаанбаатар хот, 10 аймагт 130 түргэн цэнэглэгч ашиглалтад оржээ.


АДМИН







Нийгэм





