Засгийн газрын тохируулагч агентлаг- Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц, Бодлого, төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл, Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Э.Адъяасүрэн нарын албаныхан Баянгол дүүргийн XV хороо 40-р сургуулийн баруун талд шинээр баригдаж буй “Спорт цогцолбор”-ын барилгаугсралтын явцтай танилцлаа.
Энэхүү төсөл уг нь 2014 онд эхэлсэн боловч 2016 онд хөрөнгө оруулалтыг нь зогсоож царцаасан. Улмаар өнгөрсөн 2020 онд “царцаасан барилгын жагсаалт”-аас гарч барилгын ажлыг үргэлжлүүлжээ.
Спорт цогцолбор үндсэн 3 хэсэгтэй. Нэгдүгээр блок нь Баянгол дүүргийн биеийн тамир,спортын хорооны буюу оффисын зориулалттай. Хоёрдугаар блок нь 25 метрийн дөрвөн зам бүхий усан бассейн. Мөн сургуулийн өмнөх насны багачуудад зориулсан 3х3 хэмжээтэй жижиг бассейн, 200 үзэгчийн суудлаас бүрдэнэ. Харин гуравдугаар блок нь спортын тэмцээн уралдаан, бэлтгэл сургуулилт явагдах боломжтой, стандарт бүхий 2 спорт заалтай, 200 үзэгчийн суудалтай. Мөн гаднах ил талбайд болон B1 давхартаа үйлчлүүлэгчдийн автомашиныг байрлуулах зогсоолтойгоор хийгджээ.
Ашиглалтад хүлээлгэн өгөх хугацааг 2021.05.01-нд товлосон байсан боловч дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас ажлын бага зэрэг явц удааширчээ. Хил гааль хаагдсантай холбоотойгоор усан бассейны хэсэгт шаардлагатай тоног төхөөрөмж хилдээр гацаад байгаа юм байна.
Төслийн гүйцэтгэгчээр “Молор Констракшн” ХХК ажиллаж байна.