Зам, тээврийн хөгжлийн яам салбарын хэмжээнд хийж бүтээсэн, төлөвлөсөн төсөл, хөтөлбөр, бүтээн байгуулалтын талаар ээлжит мэдээллээ хийв.
Гашуунсухайт боомтоор нүүрс тээврийн асуудлаар Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Жаргалсайхан “Манай улс БНХАУ-тай найман боомтоор харилцдаг. Өнөөдөр дөрөв нь цар тахлын улмаас түр ажиллахгүй байгаа.
Гашуунсухайт боомтод хатуу хяналттай, халдвараас сэргийлж чадаж байсан ч өнгөрсөн зургадугаар сард халдварын тархалт нэмэгдсэн. Жолооч, боомтын ажилчид халдвар авснаас үүдэн хэвийн ажиллах боломжгүй байсан. 1700 орчим хүнийг гурван удаагийн шинжилгээнд хамруулж халдвараа хумиж ногоон бүс болгосон.
Үүний үр дүнд тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгдэж, хэвийн ажиллах боломж бүрдэж өдөрт гарах тээврийн хэрэгслийн тоо 380-415 болж нэмэгдсэн. Энэ зохион байгуулалт, сахилга батаа хадгалж чадвал дээрх тоо нэмэгдэж, нүүрс тээврийн экспорт хэвийн үргэлжилнэ.
Нүүрсний экспортын тээврийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 185 дугаар тогтоолын дагуу Гашуунсухайт боомтод чингэлэг тээврийн терминал байгуулан ашиглалтад оруулсан бөгөөд одоогийн явагдаж буй тээвэрлэлттэй зэрэгцүүлэн уг терминалаар дамжуулан нүүрсийг чингэлэгт тээвэрлэх бэлтгэл ажлыг хангаж байна” хэмээн мэдээлэв.