Монгол Улсад оюуны хөгжлийн бэрхшээлтэй, дауны хам шинжтэй хүүхдүүдийн оролцооны түвшинг дээшлүүлэх, тэдэнд тусламж үзүүлэх зорилгоор Монголын Тусгай Олимпын Хороо, Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк (ЕСБХБ) хамтран алслагдсан 20 гаруй сургууль, спортын төвүүдэд тусгай олимпын хэрэгслийг хандивлалаа. Монголын тусгай Олимпын Хорооны дарга Б.Алтанцэцэг хэлэхдээ "Спортын хэрэгсэл бэлэглэснээр хүүхдүүдийг спортоор хичээллэх идэвхийг нэмэгдүүлж, Тусгай олимпод бэлтгэх эхлэлийг тавьж байна" гэлээ. Цаашлаад бүх сургуульд хэрэгжүүлж чадвал тамирчин залуу үеийг төлөвшүүлэх ач холбогдолтойг мөн онцоллоо. Мөн 2015 онд ЖАЙКА-гийн дэмжлэгтэйгээр 130-р сургуульд дауны хам шинжтэй хүүхдийн тусгай анги Монголд анх удаа байгуулагдаж байсныг дурдлаа. Одоогоор тус сургуульд 2 ангид 6-16 насны 30 гаруй хүүхэд суралцаж байна. Тусгай ангийн эдгээр хүүхдүүдэд хэл засал, хөдөлгөөн засал, ахуйн эмчилгээ зэрэг хичээлүүдийг мэргэжлийн багш нар заадаг.
Монголын тусгай олимпын хорооны дарга Б.Алтанцэцэг: "Бид Улаанбаатар хотын алслагдсан дүүрэг тэр дундаа Баянхошуу, Толгойт, Налайх дүүргүүдийн тусгай сургуулиуд мөн хөдөө орон нутгийн сургууль, биеийн тамир спортын клуб, хөгжлийн төв дээр босгосон мөнгөөрөө тоног төхөөрөмж аваад үнэгүй хандивласан. Бид түүнийхээ дагуу ямар шаардлага тавьсан гэхээр "Та бүхэн энэ хавьд амьдардаг гэр нь ойрхон байгаа оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг 7 хоногт 2-3 удаа манай тусгай олимпын спортоор хичээллүүлээрэй, эргэн тойронд нь байгаа хүүхдүүдийн хандлагыг өөрчилж, хооронд нь найзлуулаарай" гэсэн. Бид өчигдөр 130 дугаар сургууль дээр очсон нэгэн шалтгаан нь энэ сургууль бол жирийн ерөнхий боловсролын сургууль боловч монголд анх удаа оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, ялангуяа даунтай маш олон хүүхдүүд нэг ангид сурч байгаа. Бусдад туршлага болохоор маш сайн сургууль. Ирээдүйд бүх сургуулиуд тийм байх ёстой. Тэр хүүхдүүд бусад жирийн хүүхдүүдтэй адилхан эрхтэй байх ёстой. Тийм учраас бид тэднийг дэмжсэн. Тус сургууль дээр манай ирээдүйн тамирчид байгаа. Европийн сэргээн босголт банкнаас өгсөн мөнгөөр авсан спортын хэрэгслээ өгсөн"
Тусгай олимпын дасгалжуулагч, 63 дугаар сургуулийн биеийн тамирын багш Б.Ганболд: "Би 2011 оноос хойш тусгай олимпын баг тамирчдыг тэмцээнд бэлтгэж байна. Одоо 11 дэх жилдээ бэлдэж байна. Би энэ сургуульд 3 жилийн өмнөөс багшилж эхэлсэн байна. Энэ сургуульд өнөөдөр тусгай олимпын төрлийн заалны хоккей, тусгай бойчигийн бөмбөг, бадминтоны хэрэгсэл хүлээлгэж өгсөн байна. Ийм хэрэгсэлтэй болсноор энд суралцаж байгаа хүүхдүүд маань энд байгаа хэрэгслээ ашиглаж хичээллээд цаашдаа тусгай олимпод оролцох бүрэн боломжтой болж байна"
Тусгай олимпын хүрэл медальт, 130 дугаар сургуулийн 5 ангийн сурагч А.Амарболд: “Би ширээний теннисийн тэмцээнд оролцохоор Хонконг явж байсан. Бас би Америк, Солонгос явсан. Бас Дубай, Абу Даби руу явж тэмцээнд оролцсон. Одоо би сагсан бөмбөгөөр тэмцээнд явна”
“Тэгш хамруулах“хөтөлбөрийн багш Э.Агиун: "2015 оноос ЖАЙКА олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр “Тэгш хамрах” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Тухайн үед 130 дугаар сургууль дээр анхны тусгай ангийн байгуулсан. Яагаад ердийн сургуульд заавал тусгай бүлэг байна вэ гэхээр энд байгаа оюун ухааны хоцрогдолтой хүүхдүүдийн хувьд, зураг, дуу хөгжим, биеийн тамирын хичээлүүд дээрээ маш сайн байдаг. Тэгвэл эдгээр хүүхдүүдийн сайн чаддаг зүйлээр нь дамжуулж нийгэмд хүлээн зөвшөөрүүлэхийн тулд ердийн хүүхдүүдтэй хамт хичээллүүлж байгаа. Харин өөрсдийнх нь хувьд сул байгаа танин мэдэхүйн чадварууд болох монгол хэл, математик зэрэг хичээлүүдийг нь тусгай мэргэжлийн багш, тусгай хөтөлбөрөөр дагуу зааж өгдөг. Энэ хөтөлбөрийн гол зорилго нь ийм байгаа"
Эх сурвалж: А24 Мэдээний агентлаг