Францын шигшээ баг Марокког 2:0-ээр хожиж, 2026 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа. Ингэснээр тэд Даллас хотод болох дараагийн шатны тоглолтод Испани эсвэл Бельгийн аль нэгтэй учраа таарахаар болов.
Тоглолтын эхний гоолыг Килиан Мбаппе 60 дахь минутад оруулж, ДАШТ-ий карьерынхаа 20 дахь гоолоо бүртгэлээ. Ингэснээр тэрбээр бүх цаг үеийн ДАШТ-ий мэргэн буучдын жагсаалтад Аргентины од Лионель Мессигээс ердөө нэг гоолоор хоцорч байна. Харин Усман Дембеле 66 дахь минутад гоолдож, энэ удаагийн тэмцээний тав дахь гоолоо оруулсан юм.
Францын шигшээ тоглолтын турш давамгай байдал үзүүлж, нийт 21 удаа цохилт хийсний найм нь хаалганы зүг чиглэсэн бол Марокко ердөө дөрвөн удаа довтолж, нэг л удаа хаалга оножээ.
Хоёр дахь гоолын үеэр Мбаппе довтолгоог эхлүүлж, Дембелед дамжуулалт өгсний дараа хамгаалагчдыг өөртөө татан, хамтрагчдаа цохилт хийх чөлөөт орон зайг нээж өгсөн нь онцлох агшин байв.
Мбаппе тоглолтын эхний үед торгуулийн цохилт алдсан ч удалгүй алдаагаа залрууллаа. Тэрээр 25 дахь минутад торгуулийн талбайд унагасны дараа цохилт гүйцэтгэх эрх авсан ч урт хугацааны VAR шалгалтын дараа цохисон бөмбөгийг Мароккогийн хаалгач Яссин Буну зөв таамаглан хаасан юм.
Эхний хагаст Франц довтолгоогоор илт давамгайлж, хаалга руу 13 цохилт хийсэн бол Мароккогийн хамгийн аюултай боломжийг Ахраф Хакими чөлөөт цохилтоос бүрдүүлсэн ч бөмбөг хаалганы хажуугаар өнгөрөв.
Францын шигшээ ийнхүү 2022 оны Катарт болсон ДАШТ-ий хагас шигшээд мөн 2:0-ээр Марокког хожсон амжилтаа давтлаа. Тухайн тэмцээнд Марокко Африк тивээс анх удаа ДАШТ-ий хагас шигшээд шалгарсан баг болж түүх бүтээж байсан юм.
Мөн Францын шигшээ гурван ДАШТ дараалан финалд шалгарах боломжоо хадгалж үлдлээ. Хэрэв тэд хагас шигшээд ялалт байгуулбал энэхүү амжилтад хүрсэн түүхэн дэх гурав дахь улс болох юм.
Харин Килиан Мбаппе 20 тоглолтод 20 гоол оруулаад байгаа бөгөөд ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн буучдын жагсаалтад 31 тоглолтод 21 гоол оруулсан Лионель Мессигийн амжилтаас ердөө нэг гоолоор хоцорч байна.
Б.АМАРТҮВШИН







Спорт





