Монголчуудын өнө эртний түүх, соёлын өвийг тээж ирсэн уламжлалт спорт, тоглоом наадгайг хөгжүүлэх, олон нийтэд сурталчлан таниулах, өсвөр залуу үеийнхэнд өвлүүлэн үлдээх зорилготой “Үндэсний спортын VIII наадам” өнөөдөр албан ёсоор эхэллээ.
Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу дөрвөн жил тутамд уламжлал болгон зохион байгуулдаг тус наадмын анхан шатны тэмцээнүүд өнгөрсөн хавар орон даяар явагдаж, тэндээс шалгарсан тамирчид долоодугаар сарын 29-нөөс наймдугаар сарын 2-ны өдрүүдэд “Хүй долоон худаг”-т хурд хүч, авхаалж самбаагаа сорих юм.
Энэ удаагийн наадамд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн нийт 30 багийн 1672 тамирчин (1282 эрэгтэй, 390 эмэгтэй) үндэсний спортын 12 төрөлд 100 багц медалийн төлөө өрсөлдөж байна. Наадмын үйл ажиллагаанд 111 дасгалжуулагч болон албаны төлөөлөл, 125 шүүгч, 35 зохион байгуулагч, 55 хүндэт зочин зэрэг нийт 2026 хүн ажиллаж байгаа юм.
Наадмаар дараах үндэсний спортын 12 төрлөөр аваргуудаа тодруулна:
- Үндэсний бөхийн барилдаан
- Үндэсний сурын харваа
- Үндэсний шагай
- Үндэсний хурдан морины уралдаан
- Урианхай сурын харваа
- Уламжлалт сурын харваа
- Ширээний шагайн спорт
- Жороо морины уралдаан
- Морин дээрх барилдаан
- Морьт сурын харваа
- Адуучин тэмцээн
- Буриад сурын харваа
Монголын Үндэсний спортын VIII наадмын нээлтийн албан ёсны үйл ажиллагаа маргааш буюу долоодугаар сарын 30-ны пүрэв гарагт 11:00–13:00 цагт “Хүй долоон худаг”-ийн төв талбайд болно.
АДМИН






Спорт





