АОЗ-ийн ивээл дор зохион байгуулагдах шар тивийн олимп “Айчи Нагояа 2026” Азийн ХХ наадам эхлэхэд 29 хоног үлдээд буй энэ өдөр ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар “Айчи–Нагояа 2026” Азийн наадамд оролцох Монголын баг тамирчдын төлөөллийг Олимпик хауст хүлээн авч уулзан, тус наадамд өмсөх нэгдсэн хувцас хэрэглэлийг албан ёсоор гардууллаа.
Одоогийн байдлаар Монголын баг “Айчи–Нагояа 2026” Азийн наадамд спортын 31 төрөлд нийт 303 тамирчин оролцуулахаар мэдүүлгээ Азийн наадмын Зохион байгуулах хороонд хүргүүлээд байна.
МҮОХ нь спортын хувцас, хэрэгслийн 361° брэндтэй хамтран ажиллаж, баг тамирчдыг олон улсын тэмцээн, наадамд оролцоход шаардлагатай нэгдсэн хувцас хэрэглэлээр үнэ төлбөргүй хангаж байна. Ингэснээр улсын төсвөөс зардал гаргалгүй, баг тамирчдын хувцас хэрэгслийн зардлыг бие даан шийдвэрлэж, тамирчдын бэлтгэл, оролцоог бодитоор дэмжиж байгаа юм. Үүнээс гадна МҮОХ-ны зүгээс наадамд оролцох баг тамирчдын бэлтгэлийг дэмжих зорилгоор спортын холбоодод нийт 100 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг хуваарилан олгож байгаа юм.
361° брэнд нь хамтын ажиллагааны хүрээнд 2025 оны Бахрейны Азийн залуучуудын наадам, 2026 оны “Айчи–Нагояа 2026” Азийн наадам, “Дакар 2026” Залуучуудын олимпын наадам, мөн “Рияд 2026” Азийн танхимын болон тулааны спортын наадамд оролцох Монголын 1300 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчдыг нийт 15 нэр төрлийн, 4 тэрбум төгрөгийн үнэ бүхий спортын хувцас, хэрэгслээр дэмжин ажиллаж байна.
Монголын баг өмнөх “Ханжоу 2022” Азийн наадамд спортын 34 төрөлд 400 гаруй тамирчин оролцуулж, 2 алт, 5 мөнгө, 13 хүрэл медаль хүртэн багийн дүнгээр 22 дугаар байрт шалгарсан амжилт үзүүлсэн бөгөөд “Айчи–Нагояа 2026” Азийн наадамд Монголын тамирчид энэхүү амжилтаа ахиулах зорилготойгоор бэлтгэлээ хангаж байна.
Сонирхуулахад: АОЗ, Зохион байгуулах хорооноос мэдээлснээр “Айчи–Нагояа 2026” наадамд урьдчилсан байдлаар АОЗ-ийн гишүүн 45 ҮОХ-ны баг тамирчид 43 спортын 71 зай төрөлд нийт 11,003 тамирчин, 6,264 дасгалжуулагч, албаны төлөөлөгч, 3,609 хэвлэл мэдээллийн ажилтан бүртгүүлсэн нь Азийн наадмын түүхэн дэх хамгийн олон оролцогчтой наадам болох төлөвтэй байгааг харуулж байна.
Оролцогчдын тоогоор Япон улс 939 тамирчинтайгаар тэргүүлж байгаа бол БНХАУ 815, БНСУ 792 тамирчин бүртгүүлээд байна.
Түүнчлэн нийт тамирчдын 42.4 хувь нь эмэгтэйчүүд байгаа нь Азийн наадмын түүхэнд жендерийн тэгш байдлыг хамгийн өндөр түвшинд хангасан наадмуудын нэг болж байгаагаараа онцлог юм.
АДМИН







Спорт




