Dark Light
Спорт | 2026-08-27

Г.САРУУЛБУЯН КУРАШ БӨХИЙН ДАШТ-ЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Бүгд Найрамдах Азербайжан Улсад болж буй 2026 оны Кураш бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Өмнөговь аймгийн харьяат тамирчин Ганбатын Саруулбуян хүрэл медаль хүртжээ.

Тус тэмцээн Азербайжан Улсын нийслэл Баку хотод энэ сарын 21-24-нд болж, 24 орны тамирчин өрсөлджээ. Тэмцээнд Өмнөговь аймгаас Г.Саруулбуян эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд өрсөлдөж, хүрэл медалийн эзэн болсон байна.

Г.Саруулбуян нь Кураш болон бүстэй бөхийн төрлөөр олон улсын тэмцээн, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд амжилттай оролцдог шилдэг тамирчин билээ.

Тэрбээр 2001 онд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрж өссөн. Үндэсний биеийн тамирын дээд сургуулийг биеийн тамирын багш, спортын арга зүйч мэргэжлээр төгсөж, Даланзадгад сумын ерөнхий боловсролын 6 дугаар сургуульд биеийн тамирын багшаар ажиллаж байна.

Г.Саруулбуян бөхөөр есдүгээр ангиасаа хичээллэж, Өмнөговь аймгийн Биеийн тамир, спортын газрын дасгалжуулагч, аймгийн харцага, чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер Ц.Ганзоригийн шавь юм. Түүний спортын замнал чөлөөт бөхөөр эхэлж, оюутны улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, хүрэл, “U23” ангиллын улсын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж байжээ.Тэрбээр бүстэй бөхийн төрлөөр 2022 онд Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл, дэлхийн цомоос мөнгөн медаль, 2023 онд Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн байна.

Харин 2024 онд бүстэй бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд мөнгөн медаль хүртэж, Дэлхийн нүүдэлчдийн наадмын бүстэй бөхийн төрөлд дөрөвдүгээр байр, 2023 онд Кураш бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль, 2025 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 52 кг-ын жинд тус тус түрүүлж байсан юм.

Өмнөговь аймагт бөхийн чиглэлээр хоёр клуб үйл ажиллагаа явуулж, 100 гаруй хүүхэд тогтмол хичээллэж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00