БНХАУ-ын Сужоу хотын Тайху хөлбөмбөгийн спортын төвд үргэлжилж буй 2026 оны Зүүн Азийн хөлбөмбөгийн холбооны (EAFF) 15 хүртэлх насны аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй Монголын U-15 хөвгүүдийн үндэсний шигшээ баг дараалсан хоёр ялалт байгууллаа.
Тодруулбал, тэмцээний хоёр дахь тоглолтдоо Монголын шигшээ баг Гуамын шигшээ багийг 2:0 харьцаатайгаар буулган авсан байна. Үүнээс өмнө манай баг нээлтийн тоглолтдоо Хойд Марианы арлуудын шигшээ багийг 8:0 харьцаатайгаар илт давуу хожиж, тэмцээнээ гайхалтай эхлүүлсэн юм.
Нээлтийн тоглолтын 5 дахь минутад Мөнх-Эрдэнийн Од гоолын салхийг хагалж, 33 дахь минутад Зоригтын Эрхэмбаяр тооны харьцааг 2:0 болгон холдуулснаар эхний хагас өндөрлөсөн билээ. Улмаар хоёрдугаар үед Монголын шигшээ баг тоглолтыг бүрэн гартаа авч, өрсөлдөгчийнхөө хаалганд дахин зургаан гоол оруулсан бөгөөд энэ үеэр Зоригтын Эрхэмбаяр хет-трик хийж, багтаа үнэмлэхүй ялалт авчирсан юм.
Хойд Марианы арлуудын Хөлбөмбөгийн холбооноос уг тоглолтын дараа нийгмийн сүлжээндээ “Хүйтэн цаг агаарын нөхцөл байдал манай хөвгүүдэд амаргүй эхлэл байлаа. Хэдийгээр хүнд нөхцөлд тоглосон ч манай баг шүглийн дуу дуугартал бүх хүчээ дайчилсан. Энэ тоглолтоос сургамж авч, дараагийн сорилтод бэлэн эргэн ирэх болно” хэмээн бичиж байсан бол Монголын шигшээ баг ийнхүү хоёр дахь учраагаа ч мөн итгэл төгс хожлоо.
ТАТАР МАЙДАР







Спорт


