Гадаад харилцааны яам (ГХЯ) болон Цагдаагийн ерөнхий газар (ЦЕГ) хамтран цахим орчинд тархаад буй ОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна гэх хуурамч зар болон тус улсад цэргийн ажиллагаанд татагдсан монгол иргэдийн нөхцөл байдлын талаар албан ёсны мэдээлэл хийлээ.
Түүнчлэн Гадаад харилцааны яамны Консулын газар болон Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс хамтран гадаад улсад зорчих, ажиллаж амьдрахтай холбоотой цаг үеийн анхааруулга, сэрэмжлүүлэг мэдээлэл өгсөн юм.
Хэвлэлийн хурлын үеэр ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Мөнххуяг болон ГХЯ-ны консулийн газрын захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Биндэръяа сүүлийн үед цахим орчинд тархаад буй ОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна гэх зарын дагуу иргэд хилийн чанадад очиж, цэргийн тусгай ажиллагаанд татагдсан хэргийн нөхцөл байдлыг танилцуулав.
8 иргэнийг эх оронд нь буцаан авчирч, 9 хуурамч хаягийг устгуулжээ
ЦЕГ-ын мэдээлснээр, өнгөрсөн есдүгээр сараас эхлэн Фэйсбүүк зэрэг цахим сүлжээнд “ОХУ-ын Зэвсэгт хүчинд нэгдээрэй, 61–108 сая төгрөгийн өндөр цалин амлана” гэх утга бүхий зар мэдээллүүд нийтлэгдэж эхэлсэн байна. Зар сонирхсон иргэдтэй Телеграм, Ватсап зэрэг сувгаар холбогдож, ОХУ-д очвол өндөр цалин хангамж олгоно хэмээн хуурч мэхэлдэг бөгөөд өнөөдрийн байдлаар цагдаагийн байгууллагад энэ төрлийн хоёр гомдол бүртгэгдэн шалгагдаж байгаа аж.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад ОХУ руу хил нэвтрэх гэж байсан гурван иргэнийг саатуулан уг үйлдлээс татгалзуулсан бол энэ сарын 8-ны өдөр Улаан-Үд – Эрхүү чиглэлийн шууд нислэгээр хил давсан нэг иргэнийг эх оронд нь буцаан авчрах ажлыг ГХЯ-тай хамтран зохион байгуулжээ. Мөн цагдаагийн байгууллагаас уг хуурамч зарыг түгээсэн цахим есөн хаягийг илрүүлж, Харилцаа холбооны зохицуулах хороогоор дамжуулан “Мета” компанид хандан устгуулсан байна.
Нэг иргэн амь насаа алдаж, нэг иргэн Украины талд олзлогдсон тухай мэдээлэл бий хэмээн Б.Биндэръяа хэллээ.
ГХЯ-ны Консулын газрын төлөөлөл хэлэхдээ, Оросын талаас манай улсын иргэдийг цэргийн үйл ажиллагаанд албан ёсоор татан оролцуулсан зүйл байхгүй, харин хувь хүмүүс буюу зуучлагчдын цахим сүлжээнд тавьсан хуурамч зард итгэн сайн дурын үндсэн дээр явсан тохиолдлууд байгааг тодотголоо.
Иргэд ихэвчлэн Улаанбаатар – Алтанбулаг – Хиагт – Чита – Донецк гэсэн маршрутаар явсан бөгөөд Чита хот дахь цэргийн бэлтгэл баазад тодорхой хугацаанд бэлтгэгдсэний дараа цааш явдаг болох нь тогтоогджээ. Сүүлийн нэг сарын хугацаанд ГХЯ, Москва дахь Элчин сайдын яам болон Улаан-Үд дэх Ерөнхий консулын газар ОХУ-ын Батлан хамгаалах яам, Цэргийн прокурорын байгууллагатай хамтран ажилласны үр дүнд найман иргэнийг олж тогтоон эх оронд нь буцаан авчирсан байна.
Одоогоор тус яаманд байгаа албан ёсны мэдээллээр цаана нь дахин зургаан иргэн байгаагаас:
• Нэг иргэн дайны ажиллагаанд оролцож яваад амь насаа алдсан (ар гэрийнхэнтэй нь уулзаж, Оросын талаас мөнгөн нөхөн олговор олгох асуудлыг шийдвэрлэсэн);
• Нэг иргэн Украины талд олзлогдсон тухай мэдээлэл байгаа аж.
Иймд хэрэв ар гэрийн гишүүн нь энэ төрлийн зард хууртан ОХУ руу явсан, цэргийн баазад очсон тухай мэдээлэл байвал бичиг баримтын хуулбарыг ГХЯ-ны Консулын газарт яаралтай авчирч бүртгүүлэхийг уриаллаа.
Мөн гадаад хэл дээрх, өөрөө уншиж ойлгохгүй аливаа гэрээ, бичиг баримтад гарын үсэг зурахгүй байхыг иргэдэд хатуу анхааруулав.
Бусад анхааруулга: Аяллын залилан, галт зэвсэг ба нислэгийн саатуулалт
Хэвлэлийн хурлаар мөн гадаад улсад зорчиж буй монгол иргэдтэй холбоотой дараах гурван чухал сэрэмжлүүлгийг хүргэлээ:
1. Аяллын цахим залилан: Хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан дулаан орон руу аялах иргэдийн эрэлтийг ашиглан залилан хийх тохиолдол ихэссэн байна. Тухайлбал, өнгөрсөн оны 12 дугаар сард Вьетнамын Фукуок арал руу аялах зорилгоор “MGL Phu Quoc” гэх цахим хуудсаар харилцан 19 сая төгрөг шилжүүлж залилуулсан зургаан иргэний гомдлыг шалгаж, холбогдох этгээдийг яллагдагчаар татан мөрдөн шалгаж байна.
2. БНХАУ-ын хилээр галт зэвсэг, сум нэвтрүүлэх зөрчил: Монгол иргэд санаатай болон санамсаргүй байдлаар ачаа тээшиндээ галт зэвсэг, сум хэрэгсэл авч яван БНХАУ-ын хилээр нэвтрүүлэхийг завдсан тохиолдлууд гарчээ. Тус улс нь галт зэвсэг, сумны хууль бус эргэлтэд бүх насаар нь хорихоос цаазаар авах хүртэл хатуу ял оноодог тул ачаа тээшээ сайтар шалгах, бусдын дайвар ачааг нягтлахгүйгээр авч явахгүй байхыг анхааруулав.
3. Онгоцны ариун цэврийн өрөөнд тамхи татах зөрчил: Сүүлийн үед БНХАУ руу зорчиж буй иргэд нислэгийн үеэр онгоцны ариун цэврийн өрөөнд энгийн болон электрон тамхи (вэйп) татсанаас болж Хятадын талд 5–7 хоног баривчлагдан саатуулагдах тохиолдол нэмэгдсэн тул агаарын тээврийн дүрэм журмыг чанд сахихыг зөвлөлөө.
ТАТАР МАЙДАР






Нийгэм


