Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат, Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Болорчулуун нар өнөөдөр аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга нартай цахим уулзалт хийлээ.
Уулзалтаар мал өвөлжилтийн байдал зэрэг цаг үеийн ажлуудын талаар мэдээлэл сонсож, яам болон салбарын хэмжээнд хийж буй анхан, дунд шатны байгууллагуудын бүтэц, орон тоо, зохион байгуулалт, үйл ажиллагааны шинэчлэлтэй холбоотой танилцуулга хийж, санал солилцов.
Бүтцийн өөрчлөлтийг хийхдээ ХХААХҮЯ-наас өнгөрсөн тавдугаар сард зохион байгуулсан хөдөө аж ахуйн салбарын бизнес эрхлэгчдийн бүсчилсэн уулзалтуудын үеэр аймаг, сумдын хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд, малчид, бизнес эрхлэгчдийн тавьсан саналуудыг тодорхой хэмжээгээр тусгажээ.
Аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газрын бүтцийг шинэчлэхдээ хэлтсийн дарга нарын орон тоог цомхотгож, ажил хариуцсан мэргэжилтнүүдийг нэмэгдүүлэх зарчим баримталсан байна.
Түүнчлэн, “Нутагтаа эзэн 100:1000” хөтөлбөрийг ирэх онд үргэлжлүүлэн 160 гаруй багт хэрэгжүүлэхээс гадна “Шинэ цагийн малчин”, “Үхэр” хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ. Эдгээр хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, үр дүнд хүргэхэд анхаарах шаардлагатайг сайд онцоллоо. Мөн мал эрүүлжүүлэхэд онцгой анхаарч шүлхийн вакциныг дотооддоо үйлдвэрлэн хэрэглээгээ бүрэн хангахаар ажиллаж байгааг дурдав.
АДМИН







Нийгэм


