Dark Light
Спорт | 2026-11-27

ТИН ЧУН ХОН: “ЭРДЭНЭТ МАЙНЕРСТ” ТОГЛОСОН ТУРШЛАГА МААНЬ ТУСАЛНА

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Малайзын сагсан бөмбөгийн шигшээ баг болон тус багийн туршлагатай тоглогч Тин Чун Хон 2025 оны ФИБА Азийн цомын тэмцээнд оролцох мөрөөдөл нь харамсалтайгаар төгссөн тэр л газарт буюу Улаанбаатар хотноо эргэн ирлээ.
 
Зүүн Өмнөд Азийн төлөөлөл 2029 оны ФИБА Азийн цомын урьдчилсан шатны хоёрдугаар тойргийн тоглолтуудад оролцохоор Монголын нийслэлд хүрэлцэн ирсэн нь гурван жилийн өмнөх гашуун дурсамжийг нь сэргээжээ. Малайзын эрэгтэй шигшээ багийн ахмад тоглогч Тин Чун Хон “Өнгөрсөн удаад бид эрхээ авахад маш ойрхон ирсэн ч шалгарч чадаагүй нь үнэхээр урам хугалсан, зүрх шимшрүүлсэн явдал байсан” хэмээн дурсав.
 
Тэрбээр 2023 оны хоёрдугаар сарын 26-нд “M Bank Arena”-д Хонконгийн шигшээ багт 71:66 харьцаатай тун ойрхон хожигдож, Саудын Арабыг зорих сүүлчийн тийзээ алдсан тоглолтыг ийнхүү эргэн санасан юм. Гэвч “Мэй Мэй” хочит довтлогчийн хувьд зөвхөн Хонконгод хожигдсон нь бус, харин нэгдүгээр тойрогт Тунгалагийн Санчирын эцсийн мөчийн хожлын шидэлтээр Монголын шигшээ багт 94:92-оор ялагдсан тоглолт хамгийн хүнд цохилт болжээ.
 
Тэрбээр “Хонконгод бид тун бага зөрүүгээр хожигдсон ч Монголын эсрэг амссан ялагдал онцгой гашуун байсан. Сүүлийн хэдэн довтолгоонд бид алдаа гаргасны улмаас хожлын шидэлтээр ялагдсан. Мөн бид чухал торгуулийн шидэлтүүдээ алдаж, манай олон тоглогч эндхийн хүйтэн цаг агаарт дасаагүй байсан. Тэр бол харамслаар дүүрэн тэмцээн байлаа” гэж 2014 оноос хойш Малайзын шигшээ багт тоглож буй Тин ярьжээ.
 
Гэвч хэдэн жилийн дараа Малайзын баг 2029 оны Азийн цомын урьдчилсан шатны хоёрдугаар тойрогт шалгарснаар өмнөх алдаагаа засах шинэ боломжийг өөрсдөдөө нээгээд байна. Тин Чун Хон өөрөө ч 2025–2026 оны улиралд Монголын Дээд лигийн “Омни Эрдэнэт Майнерс” багт хүчин зүтгэж, багаа Плей-оффт шалгарахад тусалснаар Монголын орчин, нөхцөлд бүрэн дасаж, ур чадвараа улам ахиулжээ.
31 настай тэрбээр “Өмнө нь энд ирэхдээ би Монголын лигт тоглож байсан бол энэ удаад Малайзын үндэсний шигшээ багаа төлөөлөн ирсэн нь тэс өөр мэдрэмж төрүүлж байна. Энэ удаад бид урьдчилсан шатны эрхээ авах маш сайн боломжтой гэдэгт итгэж байна. Бид нэгдүгээр тойргийг хоёр хожил, нэг хожигдолтой дуусгасан бөгөөд тэр оноо энэ тойрогт шилжин тооцогдож байгаа. Бидэнд дор хаяж нэг хожил хэрэгтэй ч бүх тоглолтдоо хожвол илүү найдвартай байр сууринд хүрнэ. Түүх бүтээнэ гэж ам гарахгүй ч бид байгаа бүхнээ дайчлан тоглох болно” хэмээн онцоллоо.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.01
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.18
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08