Фото зургийг | Яков Милатович Монголын элчин сайд Доржраагийн Мөнхтөрийн хамт
Монтенегро (Montenegro) Улсын ерөнхийлөгч Яков Милатович энэ сарын 8-10 ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийх гэж байна. Энэ айлчлал Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойн хүрээнд хийгдэж буй төрийн тэргүүний түвшний анхны айлчлал юм.
Монтенегро улсын хувьд 620,000 гаруй хүн амтай. 13,812 км² газар нутагтай буюу манай улсаас даруй 110 дахин жижиг газар нутагтай гэсэн үг юм. Дотоодын Нийт Бүтээгдэхүүний хувьд Нэг хүнд ногдох ДНБ нь ойролцоогоор $11,000–$12,000 орчим доллар байна.
Энэ онд 39 нас хүрч буй Яков Милатович нь тус улсын түүхэн дэх хамгийн залуу ерөнхийлөгч юм. Тэрээр Оксфордын Их сургуульд эдийн засгийн магистрын зэрэг хамгаалсан бөгөөд улс төрд орохоосоо өмнө Франкфурт дахь Deutsche Bank болон Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк (EBRD)-нд ахлах эдийн засагчаар ажиллаж байв.
2020–2022 онд Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллахдаа иргэдийн цалин, амьжиргааг дэмжсэн реформуудыг амжилттай хэрэгжүүлж, улмаар 2022 онд "Europe Now!" хөдөлгөөнийг үүсгэн байгуулжээ. Жилийн дараа буюу 2023 оны сонгуулиар тус улсыг 30 гаруй жил удирдсан өмнөх ерөнхийлөгчийг ялж, 36 насандаа Төрийн тэргүүнээр сонгогдсон юм.
Яков Милатович нь гадаад бодлогын хувьд эх орноо 2028 он гэхэд Европын Холбооны бүрэн эрхт гишүүн болгох, авлигатай тэмцэх, эдийн засгийн чадамжийг дээшлүүлэх замаар иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд гол анхаарлаа хандуулан ажилладаг байна. Энэ айлчлалаар хоёр улсын дипломат харилцаа тогтоосны ойг тохиолдуулан найрсаг харилцааг шинэ шатанд гаргах, эдийн засаг хамтын ажиллагааны цар хүрээгээ тэлэхийг зорьж байгаа юм байна .
Г.ГАНЦЭЦЭГ






Гадаад





