Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, шог зураач Самандарын Цогтбаяр болон түүний дотнын анд, гэрэл зурагчин Сэрээтэрийн Цацралт нар хамтран АНУ-ын нийслэл Вашингтон хотноо “Монгол: Ардчиллын баян бүрдийн түүх” сэдэвт түүхэн гэрэл зураг болон улс төрийн шог зургийн үзэсгэлэнгээ дэлгэхээр болжээ.
Уг үзэсгэлэн нь АНУ-ын төр, хууль тогтоох засаглалын зүрх болсон Капитолын толгод (Capitol Hill) дахь АНУ-ын Конгрессын цогцолборын нэг хэсэг, Төлөөлөгчдийн танхимын гишүүдийн үндсэн гурван оффисын ордны хамгийн том нь болох Рэйбөрн (Rayburn House Office Building) ордонд зохион байгуулагдах юм. Түүх сөхвөл, АНУ-ын Конгрессын түүхэн дэх хамгийн нөлөө бүхий спикерүүдийн нэг Сэм Рэйбөрний (Sam Rayburn) нэрээр нэрлэгдсэн тус ордны анхны тулгын чулууг 1962 оны 5 дугаар сарын 24-нд АНУ-ын Ерөнхийлөгч Жон Ф. Кеннеди тавьж байжээ.

Дэлхий дахин геополитикийн амаргүй сорилт, хямралтай нүүр тулж буй энэ ээдрээтэй цаг үед Монгол Улс тайван замаар олж авсан ардчиллын үнэт зүйлс, түүхэн сургамжаа уран бүтээлээрээ дамжуулан АНУ-ын төрийн дээд түвшинд танилцуулах гэж буй нь онцгой үйл явдал, нэр хүндтэй хувь тохиол хэмээн уран бүтээлчид үзэж байна.
Үзэсгэлэнг өндөр түвшинд зохион байгуулахад өөрсдийн цаг заваа зарцуулан, хоёргүй сэтгэлээр чин зүрхнээсээ хичээн зүтгэж буй "Шинэ хөршийн санаачилга" байгууллага болон зохион байгуулах багийн бүхий л идэвхтэй гишүүдэд уран бүтээлчдийн зүгээс гүн талархал илэрхийлсэн байна.
ТАТАР МАЙДАР







Урлаг соёл





