Фото зургийг | sedaily
Өмнөд Солонгос улс Монголын уул уурхайн салбарынхныг эмнэлгийн аялал жуулчлалаар татахаар тэрбум воны аян эхлүүллээ
Өмнөд Солонгосын Аялал жуулчлалын байгууллага (KTO) Монголын уул уурхайн салбарын удирдах ажилтнууд, инженерүүд болон тамирчдыг чиглэсэн "Эрүүл уурхайчин" (Healthy Miner) багц болон "Жаргалтай уурхайчин" (Happy Miner) аяныг албан ёсоор эхлүүлснээ зарлалаа. Тэд уламжлалт гоо сайхны мэс засал гэхээсээ илүүтэй уул уурхайн салбарын өндөр орлоготой ажилчид, тэдний гэр бүлд зориулсан эрүүл мэндийн цогц оношилгоо, амралтын хөтөлбөрийг санал болгож байна.
Энэхүү стратегийн хүрээнд 2026 оны 9 дүгээр сарын 4-нөөс 6-ны өдрүүдэд Улаанбаатар хот болон Өмнөговь аймгийн Даланзадгад хотод "Солонгос-Монголын эмнэлгийн аялал жуулчлалын үзэсгэлэн" (Roadshow)-ийг амжилттай зохион байгууллаа.
Төрийн сан болон Санхүүгийн групптэй түүхэн гэрээ байгуулав
Солонгосын тал Монголын уул уурхайн компаниудын удирдах зөвлөлтэй шууд холбогдсон бөгөөд үзэсгэлэнгийн үеэр дараах томоохон түншлэлүүдийг эхлүүлсэн байна:
- Mandal Financial Group: KTO нь Монголын хөрөнгийн удирдлагын зах зээлийн 90 орчим хувийг хянадаг тус групптэй санамж бичигт гарын үсэг зурлаа. Үүний үр дүнд Мандал группийн 260,000 гаруй харилцагчид зориулсан Солонгост эмчлүүлэх тусгай багцуудыг гаргахаар болжээ.
- Чингис хаан баялгийн сан: Монголын стратегийн ач холбогдолтой уул уурхайн компаниудыг зангиддаг төрийн өмчит тус сан болон түүний харьяа уул уурхайн 17 компанитай тусгайлсан хөтөлбөр хэрэгжүүлэхээр хэлэлцсэн байна.
- Монголын Үндэсний Уул Уурхайн Ассоциаци: Нийт 90,000 орчим ажилтантай тус холбоонд зориулж уурхайчдын эрүүл мэндийн хэрэгцээнд нийцсэн багцуудыг санал болгожээ.
3 хоногийн дотор 19.6 тэрбум воны боломжит орлого олжээ
Үзэсгэлэнгийн үр дүн асар өндөр байсан бөгөөд Даланзадгад хот дахь салбарт 800 гаруй уурхайчид хандсанаас гадна Мандал группийн 200 гаруй VIP харилцагч уулзалтад оролцжээ. Нийт дүнгээрээ 3 хоногийн хугацаанд 803 шууд зөвлөгөө хийгдэж, ирээдүйд 19.6 тэрбум вон (орчим 14.7 сая ам.доллар)-ын орлого оруулах захиалга бүртгэгдсэн байна.
Яагаад заавал Монголын уурхайчид гэж?
Статистик мэдээллээр Монголоос Солонгосыг зорин ирж буй эмнэлгийн жуулчид нэг удаагийн аялалдаа дунджаар 9.88 сая вон ($7,400 ам.доллар) зарцуулдаг нь олон улсын дундаж эрүүл мэндийн жуулчдаас даруй 1.5 дахин өндөр үзүүлэлт юм. Өнгөрсөн жил гэхэд 35,000 гаруй монгол иргэн Солонгост эмчилгээ хийлгэсэн нь тус улсыг зорьсон нийт монголчуудын 20 гаруй хувийг эзэлж байна.

KTO-ийн Ерөнхийлөгч Пак Сон Хёг хэлэхдээ: "Уул уурхай бол маш хүнд, биеийн хүч шаардсан ажил байдаг ч уурхайн бүс нутгуудад нарийн мэргэжлийн эмнэлгийн дэд бүтэц дутагдалтай байдаг. Бид цаашид картын компаниуд болон даатгалын салбартай хамтран Монголын уул уурхайн салбарынхныг татах аянаа улам өргөжүүлнэ" хэмээн онцолжээ.
Тайлбар: "Картын компани" (солонгосоор: 카드사 - кадыса) гэдэг нь Өмнөд Солонгост маш өргөн тархсан, хүмүүсийн өдөр тутмын амьдралд хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг Кредит карт (зээлийн карт) гаргагч төрөлжсөн санхүүгийн байгууллагуудыг хэлж байгаа юм.
ТАТАР МАЙДАР







Эрүүл мэнд





