АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио мэдэгдэхдээ, АНУ-ын зүгээс Ираны эсрэг авч хэрэгжүүлж буй эдийн засгийн хориг арга хэмжээ болон тэнгисийн бүслэлт маш үр дүнтэй ажиллаж байгаа тул Ерөнхийлөгч Дональд Трамп тус улсын эсрэг цэргийн томоохон ажиллагаа явуулах шаардлагагүй гэж үзэж байгааг Их Долоогийн (G7) холбоотнууддаа уламжилсан байна.
Парис хотноо болсон G7-ийн уулзалтын дараа тэрээр сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө, Иранд цэргийн цохилт өгөхгүй байх нь дайны нөхцөл байдлыг мухардалд оруулж буй хэрэг биш гэдгийг онцолжээ.
Рубиогийн хэлснээр, өнөөдөр Ираны эдийн засагт учруулж буй хохирол маш хүнд тусаж байгаа бөгөөд тус улс түүхэндээ хэзээ ч өнөөдрийнх шиг дэлхийн зах зээлд эрчим хүчээ огт зарж чадахгүй болох хэмжээний хүнд шахалтад орж байгаагүй ажээ. Ойрхи Дорнод дахь холбоотнууд, түүний дотор Катарын Ерөнхий сайд Цагаан ордонд болсон уулзалтын үеэр Иранд цэргийн цохилт өгөхөөс түр түдгэлзэхийг уриалсны дараа Трамп уг шийдвэрийг гаргасан байна.
Харин дэд ерөнхийлөгч Жеймс Дэвид Вэнс Иран улстай хэлэлцээр байгуулахыг илүүд үзэж байгаагаа хэллээ
Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааны ахлах зөвлөхүүд болох Цагаан ордны Тамгын газрын дарга Стивен Миллер, Сангийн сайд Скотт Бессент нар Иранд цэргийн цохилт өгөхөөс илүү эдийн засгийн шахалтыг үргэлжлүүлэх байр суурьтай байгааг тухайн асуудлыг сайн мэдэх эх сурвалж мэдээллээ. Дэд ерөнхийлөгч Жеймс Дэвид Вэнс Ирантай дипломат тохиролцоонд хүрэхийг чухалчилж байгаа ч Трамп одоогоор тус улстай тогтвортой, хэрэгжихүйц хэлэлцээр байгуулах боломжгүй гэдэгт итгэлтэй хэвээр байна. Энэхүү мэдээлэлд Цагаан ордны зүгээс албан ёсны тайлбар өгөхөөс татгалзжээ.
Дональд Трамп өнгөрсөн долоо хоногт болсон Конгрессын завсрын сонгуульд Бүгд найрамдах нам ялагдал хүлээсэн гол шалтгаануудын нэг нь Ираны дайн байсныг хүлээн зөвшөөрсөн байна. Харин ирэх хоёр жилийн дараа Трампын бүрэн эрхийн хугацаа дуусахад түүний залгамжлагч болох магадлалтай гэгдэж буй Вэнс үүнээс ч илүү тодорхой байр суурь илэрхийлж, "Манай нам ялагдсан цорын ганц шалтгаан бол энэ дайн" хэмээн мэдэгджээ.
АНУ-ын зүгээс Ираны эсрэг олон арван жилийн турш хориг арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа бөгөөд тэдгээр нь голчлон тус улсын газрын тосны орлогыг хаах, зэвсгийн эд анги худалдан авах сувгийг боох, улмаар Ираны эдийн засагт голлох нөлөөтэй Хувьсгалт гвардийн хяналтад байдаг аж ахуйн нэгжүүдийн санхүүжилтийг таслахад чиглэгдсээр ирсэн юм. Түүнчлэн Тегераны эрх баригчид урт хугацааны эдийн засгийн хоригуудыг даван туулж чадсан ч АНУ-ын зүгээс саяхан тогтоосон тэнгисийн цэргийн бүслэлт нь тус улсын эдийн засагт асар хүнд цохилт болоод байна.
ТАТАР МАЙДАР







Гадаад



