Өмнөд Солонгосын зөвхөн цахим хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг Kakao Bank нь хувиараа бизнес эрхлэгчдэд олгох зээлийн хэмжээгээ нэмэгдүүлж, платформ дээр суурилсан бизнесээ өргөжүүлснээр тус оны эхний есөн сард цэвэр ашгаа 25.2 хувиар өсгөжээ.
Нэгдүгээр сараас есдүгээр сарын хооронд цэвэр ашиг 469.8 тэрбум вон буюу 351.8 сая долларт хүрсэн гэж тус банк лхагва гарагт мэдэгдэв. Гуравдугаар улирлын ашиг өнгөрсөн оны мөн үеэс 27.2 хувиар өсч 141.7 тэрбум вон болсон бол есөн сарын орлого 8.7 хувиар нэмэгдэж 2.53 их наяд вон болжээ.
Мөн тус банкны хадгаламжийн хэмжээ түүхэндээ анх удаа 70 тэрбум воныг давж, 71.8 тэрбум вонд хүрсэн бол нийт хэрэглэгчдийн тоо нь 27.94 саяыг давж, сар тутмын идэвхтэй хэрэглэгчид нь 20.57 саяын дээд амжилтыг тогтоожээ.
Хамгийн сонирхолтой нь, "Kakao Bank" үйл ажиллагаагаа төрөлжүүлэх, олон улсын зах зээлд тэлэх стратегийн хүрээнд Монгол Улсын MCS группийн харьяа "М Банк"-ны хувьцааг эзэмшихээр зорьж байна.
Тус байгууллага нь олон улсын хэмжээнд MCS Группийн бүрэлдэхүүнд багтах Монголын "M Bank"-ийн хувь эзэмшигч болохоор зорьж байгаагаас гадна тус группын санхүүгийн охин компаниудын зээлийн үнэлгээний үйл явцыг сайжруулахад дэмжлэг үзүүлж байна. Тайландад бол SCBX-тэй хамтран хөгжүүлж буй "Bank X" нэртэй виртуал банк 2027 оны эхний хагаст үйл ажиллагаагаа эхлүүлэхээр төлөвлөгджээ. Энэхүү төслийн үйлчилгээний төлөвлөлт болон аппликейшн хөгжүүлэлтийн ажлыг "Kakao Bank" хариуцан ажиллаж байгаа юм.
"Гадаад орчин тодорхойгүй байгаа хэдий ч манай харилцагчийн бааз болон платформын чадавх нь бизнесийн бүхий л чиглэлд өсөлтөө хадгалахад тус дөхөм боллоо" гэж Kakao Bank-ны албаны төлөөлөгч хэлэв. "Бид энэхүү өсөлтөд тулгуурлан хүртээмжтэй санхүүгийн үйлчилгээг өргөжүүлж, хиймэл оюун ухааныг (AI) нэвтрүүлэн, гадаадын зах зээлд нэвтрэх болно. Ингэснээрээ бид харилцагчдынхаа санхүүгийн бүхий л хэрэгцээг хангах, тэдний хамгийн түрүүнд сонгох платформ болохын төлөө ажиллах болно" гэлээ.
"Kakao Bank" саяхан Өмнөд Солонгост урт хугацаагаар оршин сууж буй Монгол Улсын болон бусад гадаад иргэдэд зориулсан үйлчилгээгээ нэвтрүүлсэн бөгөөд ирэх жилээс өсвөр насныханд зориулсан бүтээгдэхүүнээ өргөжүүлэх замаар хэрэглэгчийн баазаа улам тэлэхээр төлөвлөжээ. Мөн энэ оны 12 дугаар сард хиймэл оюун ухаанд суурилсан зарцуулалтын шинжилгээний шинэ үйлчилгээг зах зээлд гаргахаар бэлтгэж байна.
ТАТАР МАЙДАР






Эдийн засаг



