АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хегсет болон түүний багийн гишүүд Арлингтоны үндэсний оршуулгын газарт байрлах дайны дурсгалын хүндэтгэлийн цогцолборын дэг журмыг зөрчиж үл хүндэтгэсэн гэх үндэслэлээр армийн харуулын цэргээс зэмлэл хүртжээ.
Ахмад дайчдын өдрийг тэмдэглэх ёслолын үеэр авсан дүрс бичлэгт Хегсет, түүний гэргий болон ахлах зөвлөхүүд нь Нэр нь үл мэдэгдэх цэргийн хөшөөний өмнө зураг авахуулах зуураа инээлдэж, чангаар ярилцаж буй нь харагдана.
Энэ үед үүрэг гүйцэтгэж буй армийн харуулын цэрэг Хегсет болон түүний бүлэг рүү дөхөж очоод: "Бүх зочид үргэлж нам гүм байж, гүн хүндэтгэлтэй хандах ёстой" хэмээн чанга дуугаар сануулж байгаа нь бичлэгт үлджээ..
Уг дурсгалын газрын ёс зүйн дүрэмд зочдыг намуухан ярих, үл хүндэтгэсэн болон эмх замбараагүй авир гаргахгүй байхыг хатуу заасан байдаг.
Тус улсын дайны хамгийн ариун дурсгалын газруудын нэг болох энэхүү бунхан нь Дэлхийн нэгдүгээр дайнд амь үрэгдсэн нэр нь үл мэдэгдэх цэргийн сүүлчийн амрах газар юм. АНУ-ын Армийн 3 дугаар явган цэргийн хорооны алба хаагч 1948 оноос хойш өнөөдрийг хүртэл уг хөшөөг 24 цагийн турш тасралтгүй манаж, хүндэтгэл үзүүлсээр иржээ.
Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Шон Парнелл мэдэгдэлдээ: “Энэхүү хүндэтгэлийн өдрийг тэмдэглэх үеэр нэгэн цэрэг хүн бүрийг дэг журам сахихыг зөв бөгөөд хүндэтгэлтэйгээр санууллаа. Сайд болон манай яамны хамт олон Америкийн аюулгүй байдлын төлөө цэргийн алба хаагч эрэгтэй, эмэгтэйчүүдийн маань байгуулсан гавьяаг үргэлж хүндэтгэж ирсэн, цаашид ч хүндэтгэх болно” гэжээ.
Үүнээс өмнө Ерөнхийлөгч Дональд Трамп, Дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс болон бусад өндөр албан тушаалтнууд тус оршуулгын газарт жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг цэцэг өргөх ёслолд оролцсон юм.
Ёслолын үеэр хэлсэн үгэндээ Трамп эх орныхоо төлөө тулалдсан дүрэмт хувцаст алба хаагчдад талархал илэрхийлэхийн зэрэгцээ Ираны дайнд өөрийн засаг захиргаа амжилт гаргасныг онцлон сайшаав.
Тэрээр: “Энэ засаг захиргааны үед хэн нэгэн хариу цохилт өгсөн, цаг нь ч болсон байсан. Бид бүгд хариу цохилт өгсөн” хэмээн хэлжээ. Мөн Ираны дайны талаар: “Бид ялсан. Одоо үүнийг хэзээ дуусгах вэ гэдэг л асуудал байна. Бид 93 хувийн ялалт биш, харин бүрэн ялалт байгуулснаа баталгаажуулахыг хүсэж байна” гэсэн байна.
Трамп ёслолын үеэр Хегсетийг онцлон дурдаж, түүнийг Батлан хамгаалахын сайдын хувьд “гайхалтай ажиллаж байна” хэмээн үнэлжээ.
Ардчилсан намын хууль тогтоогчид Хегсетийг огцруулах (импичмент) асуудлыг хөндөж буй энэ үед Трамп түүнийг удаа дараа өмгөөлж байгаа юм. Мягмар гарагт Конгрессын зөвшөөрөлгүйгээр Ираны эсрэг дайн өдөөсөн гэх үндэслэлээр Батлан хамгаалахын сайдыг огцруулах оролдлого Капитол Хилл дээр амжилтгүй болсон билээ.
Хегсет өөрийг нь огцруулах оролдлогуудыг “инээдмийн жүжиг”, “шоу” хэмээн нэрлэсэн юм.
ТАТАР МАЙДАР






Гадаад




