Dark Light
Урлаг соёл | 2026-11-12

“BLOSSOMS ENTERTAINMENT” МОНГОЛ ХӨӨМИЙН ТУХАЙ ӨГҮҮЛЭХ “ТАНА” 3D АНИМЭЙШНИЙГ ОЛОН УЛСАД БОРЛУУЛАХААР БОЛЛОО

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

“Warner Bros China” компанийн хамтран бүтээж, өнгөрсөн зургаадугаар сард Ансигийн (Annecy) олон улсын анимэйшн кино наадмын уралдаант хэсэгт нээлтээ хийсэн “Тана” (Tana) бүрэн хэмжээний 3D анимэйшн киноны олон улсын борлуулалтын эрхийг Бээжинд төвтэй “Blossoms Entertainment” компани авлаа. Тус компани нь энэ удаагийн Америкийн кино зах зээлд (AFM) оролцож буй эх газрын Хятадын цөөн хэдэн компанийн нэг юм.

Энэхүү киног орон нутгийн анимэйшн студи болох “Anywhere Door Film”-тэй хамтран бүтээжээ. Киног “White Snake”, “New Gods: Nezha Reborn”, “New Gods: Yang Jian” зэрэг бүтээлээрээ алдартай Хятадын анимэйшн найруулагч Жао Жи болон кино эвлүүлэгчээс найруулагчийн замналд шилжсэн Жү Кэ-Эр нар хамтран найруулсан байна.

Жао Жи нь Хятадын анимэйшн зах зээлд арилжааны хувьд хамгийн их амжилт олсон найруулагчдын нэг юм. Түүний 2019 онд “Warner Bros.”-той хамтран бүтээсэн “White Snake” кино эх газрын Хятадад 68 сая ам.долларын (455 сая юань) орлого олж, дотоодын анимэйшн киноны сэргэлтийг эхлүүлсэн анхдагч бүтээл хэмээн үнэлэгддэг. Үүний дараа 2021 онд “New Gods: Nezha Reborn” (68.05 сая ам.доллар буюу 456 сая юань), 2022 онд “New Gods: Yang Jian” (82.8 сая ам.доллар буюу 555 сая юань) бүтээлүүд нь амжилт дагуулсан юм.

Харин Жү Кэ-Эр нь эвлүүлэгч бөгөөд шинээр гарч ирж буй найруулагч юм. Тэрээр Хятадын анимэйшн салбарт эмэгтэй найруулагчийн шинэ өнгө төрхийг авчирч байгаа бөгөөд “White Snake” болон “New Gods”-ын хоёр ангийн эвлүүлэгчээр ажиллаж ур чадвараа хөгжүүлсний эцэст ийнхүү хамтран найруулагчийн суудалд суужээ.

“Тана” кинонд Шанхай хотод уран бүтээлийн гараагаа эхэлж буй залуу хөгжимчин бүсгүйн тухай өгүүлдэг. Олон жил холбоо тасарсан аав нь хүндээр өвдөхөд бүсгүй Монголын тал нутаг дахь гэртээ дуудагдан очих бөгөөд дэггүй хөгжмийн сүнсний тусламжтайгаар мартагдсан монгол хөөмийн урлаг болон эцэг эхийг нь нэгэн цагт холбож байсан хайрын дууны нууцыг тайлна. 

“Blossoms Entertainment” компанийн ерөнхий менежер Вики Динг: “Жаогийн зүгээс "Тана" бүтээл дээрээ илүү орчин үеийн өнгө аясыг барьж, домог туульсын сүр жавхлант өгүүлэмжийг хойш тавьж, хөгжим, сэтгэлийн шарх, дурсамж зэргийн тухай тухай сэтгэл догдлуулсан түүхийг бүтээсэн. Ансигийн наадамд нээлтээ хийхэд үзэгчид тасралтгүй алга ташин хүлээн авч, сэтгэл нь ихэд хөдөлсөн бол олон улсын шүүмжлэгчид киноны сэтгэл хөдлөлийн нарийн мэдрэмж, орчин үеийн хандлагыг өндрөөр үнэлсэн” хэмээн ярьжээ.

“Warner Bros” тус киног 2027 онд эх газрын Хятадын кино театруудаар гаргах юм байна.

“Blossoms Entertainment” компанийн энэ удаагийн AFM-д танилцуулж буй багцад мөн Өмнөд Солонгосын дахин бүтээл болох “The Intern” (тус улсаас авсан анхны бүтээл), Чен Сиченгийн Үндэсний баярын амралтын өдрүүдээр ашиг орлогоороо тэргүүлсэн “Traces Of Justice”, мөн Цао Дүний түүхэн тулаант “Dunhuang Warriors” зэрэг кинонууд багтжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08