Абу Даби хотод болсон энхийн хэлэлцээний сүүлийн өдөр Киев болон Москва олзны цэргүүдийг өргөн хүрээнд солилцохоор лхагва гарагт тохиролцсон ч аль аль тал нь тодорхой тоо хэлсэнгүй. АНУ-ын тусгай элч Стив Уиткофф болон Жаред Кушнер нар пүрэв гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский нартай тус тусдаа уулзана.
АНУ-ын элч төлөөлөгчид болох Стив Уиткофф болон Жаред Кушнер нар Украины дайныг зогсоох талаар Абу Дабид хоёр өдөр үргэлжилсэн хэлэлцээнээс гарсан “боломжуудыг” ашиглах зорилгоор өнөөдөр буюу пүрэв гарагт Оросын Владимир Путин, Украины Володимир Зеленский нартай тус тусдаа уулзахаар боллоо.
Тэд эхлээд Москва руу нисэж Оросын ерөнхийлөгчтэй уулзсаныхаа дараа Европын удирдагчдын уулзалтад оролцож буй Зеленскийд мэдээлэл өгөхөөр Ирландын Дублин хотыг зорих юм.
Ирландад хүрэлцэн очсон Зеленский Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш Европт гарсан хамгийн хөнөөлтэй мөргөлдөөнийг 2027 оноос өмнө дуусгах “боломжийн цонх” нээгдэж магадгүй хэмээн мэдэгдэв.
Тэрээр: “Хамгийн чухал нь америкчууд Путин дээр тодорхой саналтай нисэж очсон явдал. Тэднийг Дублинд мөн л тодорхой хариутай эргэж ирээсэй гэж би их хүсэж байна” хэмээн хэлээд, хэдийгээр эргэлзээтэй хэвээр байгаа ч “найдвар бий” гэдгийг онцолжээ.
Мөн Вашингтоны зуучлалаар явагдаж буй хэлэлцээнд Европыг татан оролцуулах төлөвийн талаарх АНУ-ын байр суурь “өөрчлөгдсөнийг” тэрээр сайшааж, “Америкийн тал үүнд илүү эерэг, илүү найрсаг хандаж байна” гэв.
Орос улс Европын тив даяарх аюулгүй байдлын тогтолцоог бүхэлд нь эргэн харахыг шаардаж, АНУ ч мөн аюулгүй байдлын шинэ бүтэц санал болгож эхэлсэн нь Европын орнуудыг түгшээгээд байна.
Дараа нь Мединский Оросын телевизэд Москвагийн зорилго бол "шинэ, орчин үеийн Ялта" гэсэн нь 1945 онд Барууны удирдагчид Зөвлөлт Холбоот Улстай хамтран Европыг хувааж авсан бага хурлыг иш татсан хэрэг байв. Украин яг үүнээс сэрэмжлүүлсээр ирсэн юм.
Пүрэв гарагт Ирландын нийслэлд Европын 50 орчим удирдагч цугларах бөгөөд дээд хэмжээний уулзалтын гол сэдэв нь Абу Дабигийн хэлэлцээ байх төлөвтэй байна.
Европын Холбооны албаны хүмүүс энх тайванд хүрэх бодит ахиц дэвшил бага байгааг дурдаад, байлдааны ажиллагаа зогсохоос нааш Москватай Европын аюулгүй байдлын өргөн хүрээний зохицуулалтыг хэлэлцэх шаардлагагүй гэсэн хатуу байр суурьтай байна.
Харин НАТО-гийн тэргүүн Марк Рютте лхагва гарагт хэлэхдээ, Абу Дабигийн хэлэлцээ нь АНУ, Украин болон Европ “нэгдмэл, нэг чиг шугамтай” байгааг харууллаа хэмээн мэдэгджээ.
“ХАМГИЙН ТОМ” ОЛЗНЫ ЦЭРЭГ СОЛИЛЦОО
Зеленский болон АНУ-ын зүгээс хэлэлцээнд Европыг хэн төлөөлөхийг сонгохыг уриалсан ч Европын албаны хүмүүс Кремльтэй хийх аливаа хэлэлцээнд нэгдсэн нэг элч томилох шийдвэрийг удирдагчид гаргахгүй болов уу гэж үзэж байна.
Абу Дабид хоёр өдөр үргэлжилсэн хэлэлцээний эцэст сөргөлдөгч талууд олзны цэргүүдийг өргөн хүрээнд солилцохоор тохиролцсон бөгөөд Кушнерийн хэлснээр энэ нь түүхэн дэх “хамгийн том” солилцоо болох аж. Гэхдээ аль ч тал тодорхой тоо хэлээгүй байна.
Зеленский хэлэхдээ, Киев Москвагаас олзны цэргүүдийг “1,000-ыг 1,000-аар, магадгүй 1,200 хүртэл” солилцох боломжийн талаарх хариуг хүлээж байна гэжээ.
Мөн талууд аюулгүй байдлын баталгааны асуудлыг “илүү нарийвчлан” хэлэлцсэн гэж тэрээр нэмж хэлэв.
Украины хэлэлцээч Давид Арахамия Оросын төлөөлөгчид “хатуу удирдамжтай” ирсэн тул хэлэлцээ хүндхэн болсон ч оны эцсээс өмнө шийдэлд хүрэхэд чиглэсэн “нааштай хандлага” бий болгосон гэж мэдэгдэв.
Кушнер Путин хийх уулзалтынхаа талаар Абу Дабид юу ярилцсаныг “эргэн харж, бид зарим гарц, боломжуудыг олж харж байгаа тул хэлэлцсэн зарим асуудлаар илүү ахиц дэвшил гаргахыг хичээнэ” гэжээ. Харин Зеленскийтэй уулзахдаа “өнөөдөр энд гаргасан зарим санааг цааш нь гүнзгийрүүлэн судална” гэсэн байна.
“ШИНЭ ЯЛТА”
Киевийн гол хэлэлцээч Умеров “өмнө нь олон хүнд ажил хүлээж байгаа ч хэлэлцээний үйл явцыг үргэлжлүүлэх боломж байна” гэж мэдэгдэв.
Оросын төлөөлөгчдийн тэргүүн Владимир Мединский сэтгүүлчдэд “хэлэлцүүлэг гарцаагүй үргэлжилнэ” гэж хэлсэн ч Европыг хэлэлцээнд оролцуулах эсэхэд эргэлзэж буйгаа илэрхийлжээ.
Тэрээр: “Тэдэнтэй юу ярих ёстойгоо бид үнэндээ ойлгохгүй байна. Бид Европын орнуудаас ганц ч энхийн санаачилга, ганц ч тодорхой санал хүлээж аваагүй” хэмээн хэлсэн байна. Мединский дараа нь Оросын телевизэд өгсөн ярилцлагадаа Москвагийн зорилго бол “шинэ, орчин үеийн Ялта” гэж мэдэгджээ.
Украин яг үүнээс сэрэмжлүүлсээр ирсэн юм.
Кушнер хэлэхдээ, Путин хийх уулзалтын хэлэлцэх асуудлын жагсаалтад “европчуудыг энэ форматад нэмж оруулах” арга замыг эрэлхийлэх асуудал багтана гэжээ.
Их Британи, Франц, Герман, Италийн албаны хүмүүс, түүнчлэн НАТО болон Европын Холбооны төлөөлөгчид хэлэлцээний хүрээнээс гадуур уулзалтууд хийхээр Абу Дабид хүрэлцэн очсон байна.
ТАВАН ЖИЛИЙН ДАЙН
2022 оны хоёрдугаар сард Орос бүрэн хэмжээний түрэмгийллээ эхлүүлснээс хойш олон зуун мянган хүн амь үрэгдээд байна.
Тасралтгүй үргэлжилсэн агаарын бөмбөгдөлтөд өртөж сүйдсэн зүүн болон өмнөд Украины бүс нутгаас олон сая хүн дүрвэжээ.
Орос улс зүүн Украинд Киевийн хяналтад байгаа хэсгүүдээс цэргээ гаргахыг шаардаж, “Европын аюулгүй байдлын бүтцийн” талаар өргөн хүрээний хэлэлцээр байгуулахыг хүсэж байна. Үүнийг Москвагийн зүгээс зүүн Европ дахь НАТО-гийн цэргийн эвслийг ухрааж, Киевт үзүүлэх Барууны цэргийн дэмжлэгийг зогсоох гэсэн олон жилийн шаардлагын илэрхийлэл гэж олон нийт үзэж байна.
Киев газар нутгийн талаар ямар нэгэн хэлэлцүүлэг өрнүүлэхээс өмнө гал зогсоох ёстой гэж мэдэгдэж, хамгийн том асуудлуудыг хэлэлцэхийн тулд Зеленский, Путин хоёрын шууд уулзалтыг хийхийг уриалсан юм. Гэвч Путин үүнийг эрс няцаагаад байна.
ТАТАР МАЙДАР





Гадаад




