Монголын үндэсний бөх нь олон зууны турш уламжлагдан ирсэн үнэт өв соёлын нэг билээ. Гэвч аливаа өв соёл цаг үеийнхээ нийгмийн хөгжилтэй хөл нийлүүлэн хөгжиж, шинэ дадал, соёлыг хэвшүүлэх шаардлагатайг Монголын Үндэсний бөхийн холбооноос онцолж байна.
Үндэсний бөхийн барилдаан 6-8 цагийн турш завсарлагагүй үргэлжлэх нь бий. Энэ хугацаанд бөхчүүд хүчээ шавхан, давхар золгох болон тэгш барилдаанд шуудагны барьцтай барилддаг тул ариун цэвэр, эрүүл ахуйн асуудалд анхаарах шаардлагатай гэж үзжээ.
Тиймээс Монголын Үндэсний бөхийн холбоо энэ жилийн Үндэсний их баяр наадмаас эхлэн амжилттай барилдсан бөхчүүд үзэгчид болон барилдааны хамтран зохион байгуулагчидтай гар барин талархал илэрхийлэхийн өмнө гар ариутгах дадлыг нэвтрүүлж эхэлсэн байна.
Цаашид уг дадлыг зөвхөн улсын баяр наадмаар хязгаарлахгүйгээр Монгол бөхийн өргөө болон орон нутагт зохион байгуулагдах бүх шатны барилдаанд хэвшүүлэхээр ажиллах аж.
Холбооны зүгээс гар ариутгах нь бөхчүүд болон бусдыг таагүй байдалд оруулахгүй байх, харилцан хүндэтгэл, ахуйн соёлыг төлөвшүүлэхэд чиглэсэн энгийн боловч зайлшгүй шаардлагатай дадал гэдгийг онцоллоо.
Г.ГАНЦЭЦЭГ






Спорт



