Dark Light
Гадаад | 2026-11-12

ПОЛЬШ УЛС БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАРТАА ДОТООДЫН АВАРГАА ТҮШИЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | Wojtek Radwanski/AFP via Getty Images

Төрийн өмчит Polska Grupa Zbrojeniowa (PGZ SA) (“Польшийн зэвсэглэлийн групп”) тус улсын дахин зэвсэглэх хөтөлбөрт гол үүрэг гүйцэтгэж байгаа ч өөрийн гэсэн бэрхшээлүүдтэй тулгарч байгаагаа нуусангүй.

Польш улс хурдацтай өргөжиж буй зэвсэгт хүчнээ дотоодын компаниудаараа илүү их хангахыг хүсэж байгаа ч төрийн өмчит PGZ компанийн хуваагдмал бүтэц, улс төрийн нөлөөлөл нь Варшав батлан хамгаалах зардлын өсөлтөө хүчирхэг аж үйлдвэр болгон хувиргаж чадах уу гэх асуултыг дагуулж байна.

Тус улсын батлан хамгаалах салбарын хамгийн том компани болох Польшийн зэвсэглэлийн групп (PGZ) олон тэрбум злотын шинэ захиалга авсан нь түүнийг цэргийн хүчийг зузаатгах ажлын төвд авчирлаа.

Энэхүү конгломератыг 2013 онд өөрсдийн гэсэн удирдлагын багтай, ихэвчлэн ардаа улс төрийн ивээн тэтгэгчидтэй, бие даасан байдлаа хатуу хамгаалдаг 50 орчим жижиг компаниудыг нэгтгэн байгуулжээ. Гүйцэтгэх захирал Адам Лешкевич 2025 оны тавдугаар сард энэ албан тушаалд томилогдсон бөгөөд тэрээр тус толгой компанийг байгуулагдсанаас хойших 12 дахь гүйцэтгэх захирал нь юм.

Лешкевич “PGZ нь Европын бусад компаниудаас өөр” хэмээн хэлээд, тус групп 700 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдгийг нэмж дурдав. Тэрээр: “Бид бараг бүх зүйлийг хийдэг гэж хэлж болно. Гэхдээ давуу тал болж чадах зүйл маань эргээд сул тал ч болох талтай” гэжээ.

Варшавт төвтэй Polityka Insight бодлогын шинжилгээний төвийн батлан хамгаалахын шинжээч Марек Свиерчински: “Тэрээр бусад охин компаниудаа удирдахын тулд үндсэндээ дипломат арга хэрэглэх шаардлагатай болдог” гэв.

УЛАМЖЛАЛТ БАТЛАН ХАМГААЛАХ АЖ ҮЙЛДВЭР

Коммунизм нуран унаснаас хойш олон арван жилийн турш Польш улс батлан хамгаалах салбарт бага мөнгө зарцуулж, арми нь голчлон Зөвлөлтийн үеийн хуучирсан техник хэрэгслээр болгож байв. 2014 онд Орос улс Крымыг хууль бусаар өөртөө нэгтгэж, 2022 онд Украинд бүрэн хэмжээний түрэмгийлэл эхлүүлснээр энэ байдал өөрчлөгдөж, Польшийн батлан хамгаалах зардал огцом өссөн юм.

Лешкевич: “Бид хуягт машин болон засвар үйлчилгээ, их засварын чиглэлээр түүхэн бөгөөд одоо ч хүчирхэг туршлагатай. Мөн бид ‘Jelcz’ зэрэг дугуйт тээврийн хэрэгсэл үйлдвэрлэдэг бөгөөд мэдрэгч, радарын чиглэлээр хийж буй ажил маань сайн хөгжиж байна. Бид винтов, гар бууны үйлдвэрлэлээр эртнээс хүчирхэг байсаар ирсэн” гэв.

Варшавт төвтэй Польшийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн батлан хамгаалахын шинжээч Александра Козиол харилцаа холбооны сүлжээ, нисгэгчгүй нисэх аппарат, тэнэмэл сум (камиказе дрон) болон галын удирдлагын шийдлээр мэргэшсэн хувийн хэвшлийн WB Group зэрэг Польшийн бусад нэр хүндтэй батлан хамгаалах компаниудыг онцолжээ.

Лешкевич: “Бид шинэ технологи, ялангуяа нисгэгчгүй тээврийн хэрэгсэл, түүнчлэн программ хангамж, мэдээллийн технологийн шийдлүүдийг сайжруулахыг хүсэж байна” хэмээв.

PGZ мөн Европын бусад батлан хамгаалах фирмүүдтэй харилцаа холбоо тогтоож байна. Тухайлбал, Их Британийн BAE Systems компанитай хамтран их бууны сумны гурван шинэ үйлдвэр барьж байгаа аж. Мөн PGZ-ийн Narew агаарын довтолгооноос хамгаалах системд пуужин болон харвах төхөөрөмж нийлүүлэхээр MBDA компанитай хамтран ажиллаж байна.

Лешкевич: “Бид энэ боломжийг ашиглана, эсвэл батлан хамгаалах аж үйлдвэрийн хурдацтай хөгжлийн энэ үеийг зүгээр л өнгөрөөнө. Бидэнд амбиц бий, түүнийгээ биелүүлэхийг хүсэж байна” гэжээ.

МӨНГӨӨ ДОТООДДОО ҮЛДЭЭХ НЬ

Энэ онд Польш улс батлан хамгаалах салбарт 200 тэрбум злоты (45.7 тэрбум евро) буюу ДНБ-ийхээ 4.8 хувийг зарцуулахаар зорьж байгаа нь НАТО-гийн орнууд доторх хамгийн өндөр үзүүлэлт юм. Мөн тус улс Европын Холбооны 150 тэрбум еврогийн SAFE зэвсэглэлд зориулсан зээлийн хөтөлбөрийн хамгийн том хүлээн авагч болж, бараг 44 тэрбум еврог аваад байна.

Засгийн газар энэхүү шинэ санхүүжилтээс эх орныхоо батлан хамгаалах аж үйлдвэрт ногдох хувийг нэмэгдүүлэхийг хичээж байна.

Тавдугаар сард Польшийн Зэвсэглэлийн агентлаг SAFE хөтөлбөрөөр санхүүжүүлэх бараг 120 тэрбум злотын гэрээг Польшийн зэвсгийн компаниудтай байгуулжээ. Үүний ихэнх хувь нь 146 ширхэг Borsuk явган цэргийн байлдааны машин, 96 ширхэг Krab өөрөө явагч их буу, 64 ширхэг Rak миномёт, K9PL туслах тээврийн хэрэгсэл, Homar-K пуужин харвах системд зориулсан 1,000 тээврийн хэрэгсэл зэрэг тоног төхөөрөмж нийлүүлэхээр PGZ болон түүний охин компаниуд, голчлон Huta Stalowa Wola үйлдвэрт очсон байна.

Варшавын Аж ахуйн хүрээлэнгийн судалгааны төвийн тайланд дурдсанаар PGZ-тэй байгуулсан ихэнх гэрээ нь тендергүйгээр шууд хийгдсэн гэрээнүүд байжээ.

Тайланд: “Польшийн батлан хамгаалах аж үйлдвэрийг хөгжүүлэх нь зайлшгүй шаардлагатай ч энэ нь засгийн газрын шууд хяналтад байдаг компаниудад автоматаар давуу эрх олгоно гэсэн үг биш юм” гэжээ.

Батлан хамгаалахын сайд Владислав Косиняк-Камыш өнгөрсөн сард засгийн газар тус улсын цэрэг-аж үйлдвэрийн цогцолборыг хөгжүүлэх зорилготой байгааг онцлоод: “Бид хүчирхэг арми байгуулж, аюулгүй байдлаа бэхжүүлж, Польшийн ирээдүйд хөрөнгө оруулалт хийж байна” хэмээн мэдэгдсэн юм.

Гэвч дотоодын компаниудаа илүүд үзэх нь засгийн газрын аль болох хурдан дахин зэвсэглэх зорилготой зөрчилдөх эрсдэлтэй; Варшав Оросыг тогтоон барихын тулд танк, сөнөөгч онгоц, пуужин худалдаж авахыг хүсэж байгаа ч энэ зорилго нь дотоодын зэвсгийн үйлдвэрлэлд хүндрэл учруулж байна.

Польшийн батлан хамгаалах зардлын 60 орчим хувь нь импортод зарцуулагддаг бөгөөд “энэ байдал хурдан өөрчлөгдөхгүй” гэж Свиерчински хэлэв. Зэвсгийн импортын дийлэнх нь Өмнөд Солонгос болон АНУ-аас ирдэг бөгөөд үүнд K2 Black Panther танк, F-35A сөнөөгч онгоц зэрэг системүүд багтдаг.

Лешкевич: “2022 онд бид аюул заналхийллийг мэдэрч байсан учраас бэлэн шийдэл, бэлэн бүтээгдэхүүн хайж байсан. Харин өнөөдөр бид үйлдвэрлэлийг ‘польшжуулах’ буюу дотооддоо нутагшуулах боломж бүрийг ашиглахыг хичээж байна. Бид одоо ямар нэгэн чадавх үнэхээр дутагдаж байгаагаас бусад тохиолдолд бэлэн бүтээгдэхүүн бараг худалдаж авахаа больсон” гэв. PGZ-ийн охин компаниудын нэг нь 2028 оноос эхлэн K2 танк үйлдвэрлэх юм.

Батлан хамгаалахын шинжээч Козиол: “Польшийн оюуны өмчийг нэмэгдүүлэх хүчин чармайлт гарч байгааг би харж байна” гэж хэлсэн ч гэрээнүүдийг Польшийн фирмүүд рүү шилжүүлэх засгийн газрын оролдлого нь гадаадын технологиос хамаарах хамаарлыг бууруулж чадах эсэх нь одоогоор тодорхойгүй байгааг нэмж дурджээ.

2025 онд PGZ 18.4 тэрбум злотын орлого олсон нь өмнөх оныхоос 23 хувиар өссөн үзүүлэлт болсон бол ашиг нь 66 хувиар өсөж, 2.8 тэрбум злотод хүрчээ. Тус компани Стокгольмын Олон улсын энх тайвны судалгааны хүрээлэнгийн (SIPRI) 2025 оны дэлхийн шилдэг 100 батлан хамгаалах компанийн жагсаалтад 51 дүгээрт бичигдсэн байна.

Лешкевич: “Бид Европт эхний 10-т, дэлхийд эхний 30-д багтахыг зорьж байна” гэв.

Козиол: “Хэрэв бид PGZ-ийн хөгжил, үр дүнг харвал улс төрийн асуудлуудыг үл харгалзан тус компани Польшийн армийг зэвсэглэх үүргээ биелүүлэхийг хичээж байгаа нь харагдаж байна” гэжээ.

УЛС ТӨРИЙН ЭРСДЭЛ

Польшийн төрийн хяналттай компаниуд улс төрийн хөндлөнгийн оролцоо өндөртэй гэдгээрээ зартай. Хэдийгээр батлан хамгаалах зардлыг цаашид ч өндөр хэвээр хадгалах тал дээр намууд нэгдсэн байр суурьтай байгааг Козиол онцолсон ч PGZ улс төрийн эрсдэлтэй тулгарсаар байна.

Өмнөх “Хууль ба Шударга ёс” намын засгийн газрын үед буюу 2017–2023 онд Ерөнхий сайдаар ажиллаж байсан Матеуш Моравецки энэ зун PGZ-ийг “сул” менежменттэй хэмээн буруутгаж, татан буулгах боломжийг авч үзэхийг уриалсан юм. Харин Косиняк-Камыш хариуд нь энэхүү санааг “хор хөнөөлтэй бөгөөд төрийн эсрэг чиглэсэн” хэмээн шүүмжилжээ.

Энэ аюул улам бүр нэмэгдэх хандлагатай байна. Ирэх онд Польшид парламентын сонгууль болох бөгөөд олон нийтийн санал асуулгаар Ерөнхий сайд Дональд Тускийн эвсэл барууны намуудын нэгдэлд ялагдаж болзошгүй гэсэн дүн гарчээ.

Энэ нь 2007–2011 онд Тускийн өмнөх засгийн газарт дэд сайдын алба хашиж байсан, төрийн өмчит бордооны аварга Grupa Azoty компанийг удирдаж байгаад PGZ-д ирсэн Лешкевичийн албан тушаал эрсдэлд орж болзошгүй гэсэн үг юм.

Свиерчински: “Гүйцэтгэх захирал энэ албан тушаалд арван жил ажиллах ёстой байдаг ч Польшийн бодит байдалд ийм боломж огт байхгүй” хэмээн дүгнэжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08