Казахстаны нийслэл хотын нэгэн орон сууцны дээд давхараас шууд утгаараа “мөнгөн бороо” орсон байна. Учир нь авилгачид нэгжлэгээс зайлсхийхийн тулд чемодан дүүрэн долларын дэвсгэрт цонхоор чулуудсан нь энэ байжээ хэмээн орон нутгийн хэвлэлүүд мэдээллээ.
Астана хотын "Atlant-6" орон сууцны цогцолборын ойролцоо ам.долларын дэвсгэртээр дүүрсэн чемоданууд олдсон байна. Үүнтэй зэрэгцэн Казахстаны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тус улсын төрийн хоёр том бүтэц болох "Қазақстан темір жолы" буюу “Казахстаны төмөр зам” үндэсний компани болон "Самрук-Казына" сангийн удирдлагууд баривчлагдсан байж болзошгүй тухай мэдээлж эхэллээ.
Centralmedia24 хэвлэлийн бичсэнээр, мөнгийг Казахстаны нийслэлийн Есиль дүүргийн Кунаевын гудамжинд байрлах орон сууцны цогцолборын дэргэдээс олсон байна. Тус хэвлэлийн мэдээлснээр хэргийн газарт цагдаагийн алба хаагчид ирж ажиллажээ.
Нийгмийн сүлжээнүүдээр мөнгөтэй чемоданыг байшингийн цонхоор шидсэн гэх мэдээлэл тархаад байгаа ч одоогоор энэ нь албан ёсоор батлагдаагүй байна.
Энэхүү үйл явдлын зэрэгцээ Centralmedia24 нэрээ нууцалсан эх сурвалжаас эш татан "Қазақстан темір жолы" компанийн удирдах зөвлөлийн дарга Елжас Отыншиев болон "Самрук-Казына" үндэсний баялгийн сангийн тэргүүн Нурлан Жакупов нарыг баривчилсан тухай мэдээлжээ.
Тус хэвлэлийн мэдээлснээр, Е.Отыншиевийг Үндэсний аюулгүй байдлын хорооны (КНБ) ажилтнууд нийслэлийн "Танжир" лоунж-бааранд байхад нь баривчилсан аж.
Сэтгүүлчдийн эх сурвалжуудын баталж буйгаар, хоёр удирдагчийг хоёуланг нь онц их хэмжээний авлига авахыг завдсан хэрэгт сэжиглэж байгаа бөгөөд тэд нэг эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж байж болзошгүй гэж мэдээлж байна.
Баривчилгаа болон олдсон мөнгө нь уг мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой эсэх талаар одоогоор албан ёсны баталгаажуулалт гараагүй байна.
"Самрук-Казына" сангийн хэвлэлийн албанаас Tengrinews.kz сайтын хүсэлтэд өгсөн хариуд Нурлан Жакупов баривчлагдсан гэх мэдээллийг батлаагүй бөгөөд үгүйсгээгүй байна. Тэд эрх бүхий байгууллагуудаас албан ёсны мэдээлэл иртэл ямар нэгэн тайлбар өгөхөөс түдгэлзэж буйгаа мэдэгджээ.
Елжас Отыншиев 2026 оны 7-р сард Казахстаны үндэсний төмөр замын компанийн удирдлагаар томилогдсон бөгөөд үүнээс өмнө "Самрук-Казына" группт удирдах албан тушаал хашиж байжээ.
Харин Нурлан Жакупов 2023 оноос хойш "Самрук-Казына" санг удирдаж байгаа юм. Тус сан нь газрын тос, байгалийн хий, тээвэр, эрчим хүч, харилцаа холбооны салбарын үйлдвэрүүд зэрэг Казахстаны төрийн томоохон хөрөнгийг удирддаг.
Ам.долларууд олдсон нөхцөл байдал, мөнгөний хэмжээ болон хэнд хамаарахыг тогтоохоор ажиллаж байна. Мэдээ нийтлэгдэх мөчид Үндэсний аюулгүй байдлын хороо болон хууль сахиулах байгууллагуудаас уг баривчилгааны талаар албан ёсны тайлбар хийгээгүй байна.
ТАТАР МАЙДАР






Гадаад




