Пит Хегсет цэрэгт хандан: "Биднийг зэмлэсэнд баярлалаа, энэ медалийг та хүртэх эрхтэй!" гэв.
АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хегсет болон түүний багийн гишүүд Арлингтоны үндэсний оршуулгын газарт байрлах дайны дурсгалын хүндэтгэлийн цогцолборын дэг журмыг зөрчиж үл хүндэтгэсэн гэх үндэслэлээр армийн харуулын цэргээс зэмлэл хүртсэн тухай Zogii мэдээлсэн.
АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хегсет Ахмад дайчдын өдрөөр Нэр нь үл мэдэгдэх цэргийн хөшөөний дэргэд инээлдсэн хэмээн өөрийг нь болон дагалдан явсан багийнхныг нь чанга дуугаар зэмлэсэн АНУ-ын Армийн харуулын цэрэгт медаль гардуулжээ.
Батлан хамгаалахын сайд Пүрэв гарагт тус хөшөөг хамгаалдаг хүндэт харуулын тусгай ангийн алба хаагч Томас Иглесиаст "Нэгдсэн хүчний сайшаалын медаль"-ийг гардуулан өгсөн байна.
Хегсет медаль гардуулж буй зургаа Х нийгмийн сүлжээнд нийтлэхдээ "Бид цэргүүддээ хайртай. Бид дүрэм журамд хайртай. Сайн байлаа, түрүүч ээ. Урагшаа, эх орончид оо" хэмээн бичжээ.
Дайны яамны (Батлан хамгаалах яамны) албаны хүн "Гэрэл зургаас харахад Сайд Хегсет АНУ-ын 3-р явган цэргийн хороо буюу 'Хуучин харуул'-ынхныг Пентагонд хүлээн авч уулзсан бөгөөд 2026 оны 11-р сарын 11-ний өдөр Нэр нь үл мэдэгдэх цэргийн хөшөөний дэргэд албан үүргээ нэр төртэй гүйцэтгэснийх нь төлөө түрүүч Томас Иглесиаст Нэгдсэн хүчний сайшаалын медалийг бахархалтайгаар гардууллаа" гэжээ.
Zogii.mn-ийн өмнө нь мэдээлж байснаар, Хегсет болон түүний ажлын албаныхан дурсгалын хөшөөний ойролцоох шатан дээр инээлдсэний дараа Иглесиас тэдэн рүү чанга дуугаар шаардлага тавьж зэмлэсэн юм.
Цахим орчинд тархсан дүрс бичлэгт Иглесиас "Бүх зочид үргэлж нам гүм байж, гүн хүндэтгэлтэй хандах ёстой!" хэмээн сүр хүчтэйгээр хашхирч буй нь бичигдсэн байдаг.
Нэр нь үл мэдэгдэх цэргийн хөшөөг долоо хоногийн 24 цагийн турш тасралтгүй манадаг АНУ-ын 3-р явган цэргийн хорооны цэргүүд тэнд нойрсож буй нэр нь үл мэдэгдэх дайчидтай адилхан байх үүднээс дүрэмт хувцсан дээрээ ямар ч цол, ялгах тэмдэг зүүдэггүй уламжлалтай юм.
ТАТАР МАЙДАР







Гадаад




