Ирэх Пүрэв гарагт Ши Жиньпин, Д.Трамп, В.Путин нар анх удаа гурван талт уулзалт хийхийг Хятадын тал албан ёсоор баталсан байна.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин ирэх Пүрэв гарагт тус улсын өмнөд бүсийн Шэньжэнь хотноо АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нартай анхны гурван талт дээд хэмжээний уулзалтыг хийх болсныг Бээжингийн эрх баригчид Даваа гарагт албан ёсоор баталлаа.
Хятадын Гадаад хэргийн яамнаас гаргасан товч мэдэгдэлд "Арваннэгдүгээр сарын 19-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нартай Шэньжэнь хотноо Хятад-Орос-Америкийн төрийн тэргүүн нарын уулзалтыг хийнэ" хэмээн дурдсан ч түүхэн уулзалтаар чухам ямар асуудлууд хэлэлцэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Энэхүү уулзалт нь Лхагва болон Пүрэв гарагуудад болох Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны (APEC) дээд хэмжээний чуулга уулзалтын хүрээнд зохион байгуулагдах төлөвтэй байгаа бөгөөд өмнө нь Кремль болон Цагаан ордноос уг уулзалтыг батлаад байсан юм.
УУЛЗАЛТЫН СЭДЭВ БА БЭЭЖИНГИЙН БАЙР СУУРЬ
АНУ-ын албаныхны мэдээлснээр, Ерөнхийлөгч Д.Трамп цөмийн зэвсгийг хорогдуулах асуудал болон Ираны эсрэг явуулж буй дайны талаар ярилцахыг зорьж байгаа бол Орос-Украины дайны асуудлыг хөндөхгүй байх төлөвтэй байна.
Украины асуудалд дургүйцсэн нь: Германы Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер саяхан Ши Жиньпинтэй уулзах үеэр гурван талт уулзалтаар Украины асуудлыг хэлэлцэх эсэх тухай хөндөхөд Ши Жиньпин ихээхэн "дургүйцсэн" болохыг ARD сувагт өгсөн ярилцлагадаа дурджээ. Ши Жиньпин энэ нь Европын бүс нутгийн мөргөлдөөн учраас хэлэлцээний ширээний ард Европын тал заавал суух ёстой гэдгийг тодорхой илэрхийлсэн байна. Өнгөрсөн аравдугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-д болох APEC-ийн уулзалтын үеэр Ши Жиньпин, В.Путин нартай гурван талт уулзалт хийж магадгүй тухай яриа анх гарсан. Үүнийг Европын холбоотнууд, тэр дундаа Герман улс Украины асуудлыг европчуудыг алгасаж, гурван том гүрэн хоорондоо шийдэх вий хэмээн болгоомжилж байв. Иймд Германы Ерөнхийлөгч Бээжинд очоод Ши Жиньпинээс энэ талаар шууд тодруулж асуужээ. Хятадын удирдагч тухайн үед Бээжингийн зүгээс Украины асуудлаар гурван талт дээд хэмжээний уулзалт зохион байгуулах ямар ч бэлтгэл ажил хийгдээгүй гэдгийг хэлээд, энэ бол Европын тивд болж буй мөргөлдөөн учраас хэлэлцээний ширээний ард Европын төлөөлөл заавал суух ёстой гэж тодорхой хариулжээ.
Цөмийн зэвсэг хорогдуулах хэлэлцээ: Бээжингийн зүгээс өөрийн цөмийн зэвсгийн нөөцийн талаар яриа хэлэлцээ эхлүүлэхээс өмнө АНУ болон ОХУ эхлээд өөрсдийн асар их цөмийн нөөцөө хорогдуулах ёстой гэсэн байр суурийг олон жилийн турш хатуу баримталсаар ирсэн билээ.
Ажиглагчдын зүгээс хэдийнээ "Ялта 2.0" хэмээн нэрлэгдээд буй энэхүү уулзалтын санаачилгыг анх Москва гаргасан бөгөөд Вашингтон үүнд нааштай хандаж буйгаа илэрхийлсэн ч, энэ нь голчлон цөмийн зэвсэггүйжүүлэх асуудалд чиглэсэн байх магадлалтай (Украины асуудал биш). Харин Бээжингийн зүгээс энэ талаар ямар ч байр суурь илэрхийлэхгүй, чимээгүй байгаа нь анхаарал татаж байна. Хэдийгээр Хятад улс өмнөх шигээ бүрмөсөн чимээгүй байхаа больж, гурван гүрэн ийм уулзалтын талаар хэлэлцэж байгааг хүлээн зөвшөөрсөн ч, уг асуудалтай холбоотой тодорхой бус байдал өндөр хэвээр байна хэмээн The Lowy Institute урьд нь бичиж байсан билээ. Уг институтын бичсэнээр энэхүү дээд хэмжээний уулзалт нь Вашингтоны дипломат нөлөөллийн цар хүрээг харуулахын зэрэгцээ Америкийн хүч чадал болон итгэл үнэмшлийн хооронд улам бүр нэмэгдэж буй зөрүүг илчилж болзошгүй юм. Польшийн Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Радослав Сикорски X (хуучнаар Twitter) сүлжээнд бичихдээ: "Анхны Ялтын уулзалтаар Зөвлөлтийн Улаан армийн хяналтад байсан Зүүн Европын бүс нутгуудад Зөвлөлтийн ноёрхлыг хүлээн зөвшөөрсөн байдаг. Харин одоо Путин өөрийн хүчээр эзлэн авч чадахгүй байгаа Украины газар нутгийг бэлэг болгон авахыг хүсэж байна" хэмээн тэмдэглэжээ.
ТАТАР МАЙДАР







Гадаад

