Ши Жиньпин, В.Путин нар илүү шударга, олон туйлт дэлхийн дэг журмыг бүрдүүлэхээр тохиролцлоо.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар Лхагва гарагт Хятадын Шэньжэнь хотноо болж буй АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд хоёр талын уулзалт хийж, дэлхий дахинд тодорхойгүй байдал нэмэгдэж буй энэ үед харилцаагаа тогтвортой хадгалж, илүү шударга, олон туйлт дэлхийн дэг журмыг цогцлоохын төлөө хамтран ажиллахаа илэрхийллээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай Пүрэв гарагт хийх түүхэн гурван талт дээд хэмжээний уулзалтын өмнө болсон уг уулзалтын үеэр хоёр орны удирдагчид стратегийн түншлэлийн харилцаагаа өндрөөр үнэлсэн байна.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин Орос-Хятадын харилцааг салхи шуурганд үл ганхах уултай зүйрлээд, тодорхойгүй байдал нэмэгдэж буй өнөө үед дэлхийн тогтвортой байдлыг бэхжүүлэхийг уриалав. Мөн тэрээр хоёр их гүрэн олон улсын харилцааг ардчилах, олон туйлт дэлхийг хөгжүүлэх үйлсэд манлайлан оролцох хариуцлага хүлээх ёстойг тэмдэглэсэн байна.
Харин ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “Олон улсын улс төрийн ээдрээтэй нөхцөл байдалд Орос, Хятадын улс төрийн хамтын ажиллагаа таатай бөгөөд бүтээлчээр хөгжиж байна. Бид илүү шударга, олон туйлт дэлхийн дэг журмыг бүрдүүлэхэд чиглэсэн бүтээлч хандлагыг тууштай баримталж байна” хэмээн мэдэгджээ.
Уулзалтын үеэр В.Путин мөн Орос, Хятадын худалдааны эргэлт сүүлийн хэдэн жил дараалан 200 тэрбум ам.долларын босгыг давж, Бээжингийн санаачилгаар нэвтрүүлсэн визгүй зорчих дэглэмийн ачаар хоёр орны жуулчдын урсгал эрчимтэй нэмэгдэж байгааг дурдсан байна.
ТАТАР МАЙДАР






Гадаад



