Японы Ерөнхий сайд Санаэ Такаичи Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны (АПЕК) дээд хэмжээний уулзалтад оролцохоор Лхагва гарагт БНХАУ-ын Шэньжэнь хотод хүрэлцэн ирлээ. Энэ нь 2019 онд Абэ Шинзо айлчилснаас хойш Японы Ерөнхий сайд Хятадад хөл тавьсан анхны тохиолдол болж байна.
Гэвч түүнийг нисэх буудал дээр хүрэлцэн ирэхэд Хятадын тал ямар нэгэн өндөр албан тушаалын сайд бус, цөөн тооны албаныхан угтан авсан нь Токио, Бээжингийн харилцаа хүйтэн хөндий байгааг илтгэлээ. Түүнчлэн БНХАУ-аас зохион байгуулсан хүндэтгэлийн оройн зоогийн өмнө С.Такаичи БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй гар барин мэндчилсэн ч Ши Жиньпин түүнтэй ганц ч үг сольсонгүй.
Ерөнхий сайдыг дагалдан яваа эх сурвалжуудын мэдээлснээр энэ удаагийн айлчлалаар С.Такаичи болон Ши Жиньпин нарын хооронд албан ёсны дээд хэмжээний уулзалт болох магадлал тун бага аж.

ГУРВАН ИХ ГҮРНИЙ УУЛЗАЛТ БА ТОКИОГИЙН БОЛГООМЖЛОЛ
БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг онгоцны буудал дээр өөрийн биеэр тосон авч, бусад томоохон орны удирдагчдыг ч халуун дотноор угтсан бол Японы Ерөнхий сайдад ийнхүү хүйтэн хандсан нь анхаарал татаж байна.
Өнөөдөр буюу Пүрэв гарагт Шэньжэнь хотноо АНУ, Хятад, Оросын төрийн тэргүүн нарын түүхэн гурван талт уулзалт болох гэж байгаа нь Японы Засгийн газрын санааг ихээхэн зовоож байгаа юм. Токиогийн зүгээс гурван их гүрэн бусад улс орны ашиг сонирхлыг үл харгалзан дэлхийн нөлөөллийн хүрээг өөрсдийнхөөрөө өөрчлөх вий хэмээн болгоомжилж байна. Иймд Япон улс гурван талт уулзалтын дараа С.Такаичи болон Д.Трамп нарын хооронд утсаар яриа зохион байгуулахаар Вашингтонтой зохицуулалт хийж эхэлжээ.
ТАЙВАНИЙН ТАЛААРХ МЭДЭГДЛЭЭС ҮҮДЭЛТЭЙ ХАРИЛЦААНЫ ХЯМРАЛ
Япон, Хятадын харилцаа өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойш огцом муудсан билээ. Тухайн үед С.Такаичи парламентдаа хэлсэн үгэндээ Тайваньд цэргийн мөргөлдөөн гарвал энэ нь Японы “оршин тогтнохуйд заналхийлсэн нөхцөл байдал” болж, хамтын өөрийгөө хамгаалах эрхээ хэрэгжүүлэхэд хүрч болзошгүй хэмээн мэдэгдсэн юм.
Бээжин уг мэдэгдлийг эрс буруушааж, Японы эсрэг эдийн засаг, цэргийн шахалтаа чангатгаснаас гадна Японыг “шинэ милитаризмын” замаар замнаж байна хэмээн буруутгах болсон.
Мөн хоёр хоногийн өмнө Филиппиний Манила хотноо болсон АСЕАН+3 (Япон, Хятад, Өмнөд Солонгос) уулзалтын өмнө Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Цян хуралд суулгүй Бээжин рүү эрт буцсан нь Японы Ерөнхий сайдтай тааралдахаас зайлсхийсэн алхам байж болзошгүй гэж Японы албаныхан үзэж байна. Японы тал “Бид яриа хэлэлцээ хийхэд үргэлж бэлэн байгаа. Харин Хятад улс яриа хэлэлцээний хаалгыг хааж, дээд хэмжээний уулзалтыг хөзөр болгон ашиглаж байна” хэмээн мэдэгджээ.
ТАТАР МАЙДАР







Гадаад




