Dark Light
Нийгэм | 2026-11-19

Д.ТРАМП, ШИ ЖИНЬПИН, В.ПУТИН НАРЫН ШИРЭЭН ДЭЭР ЦӨМИЙН ЗЭВСЭГ БА ХОЁР ДАЙНЫ АСУУДАЛ ТАВИГДАНА

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | Xinhua via AP

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнөөдөр буюу Пүрэв гарагт БНХАУ-ын Шэньжэнь хотноо Хятадын дарга Ши Жиньпин болон ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нартай уулзах нь дэлхийн түүхэнд эргэлтийн цэг болох уу, эсвэл зүгээр л гэрэл зураг авахуулаад өнгөрөх төдий үйл явдал болох уу гэдэг нь анхаарал татаж байна.

Хэлэлцээ хийх ур чадвараараа бахархдаг Д.Трамп Америкийн хоёр гол өрсөлдөгчтэй хийх энэхүү гурван талт уулзалтыг цөмийн зэвсгийн хяналтын дүрмийг шинэчлэх, мөн Украин болон Ираны дайныг зогсоох эхлэлийг тавих боломж хэмээн тодорхойлжээ. Гэвч шинжээчид дорвитой тохиролцоонд хүрнэ гэдэгт эргэлзэж байгаа юм.

Тэрээр өнөөдөр өглөө Fox News-д өгсөн ярилцлагадаа “Тэд хоёулаа Трампад дуртай. Харин миний дараа юу болохыг би хэлж мэдэхгүй” хэмээн ярьжээ. Д.Трамп гурван талт уулзалтын өмнө Ши Жиньпинтэй ганцаарчилсан уулзалт хийх бөгөөд мөн хөтөлбөртөө В.Путинтэй тусгайлан уулзах цаг нэмж оруулсан байна. Энэ нь өнгөрсөн жил Аляскад амжилтгүй өндөрлөсөн уулзалтаас хойших хоёр удирдагчийн анхны ганцаарчилсан хэлэлцээ болох юм.

ЦӨМИЙН ЗЭВСГИЙН ХЯНАЛТ БА БЭЭЖИНГИЙН БАЙР СУУРЬ

АНУ, Оросын хооронд үйлчилж байсан цөмийн зэвсгийг хязгаарлах сүүлчийн гэрээ (New START) өнгөрсөн хоёрдугаар сард дуусгавар болсон тул Д.Трамп Хятадыг оролцуулсан “шинэ, сайжруулсан, орчин үеийн” гэрээ байгуулахыг хүсэж байгаагаа илэрхийлсэн. Гэвч АНУ, Орос тус бүр 5,000 гаруй цөмийн цэнэгт хошуутай бол БНХАУ ердөө 600 орчим цэнэгт хошуутай тул зэвсэглэлээ хязгаарлах сонирхол багатай байна.

Зэвсгийн хяналтын холбооны гүйцэтгэх захирал Дарил Кимбалл “АПЕК-ийн үеэрх Ши, Путин, Трамп нарын дипломат жүжиг, гэрэл зураг авахуулах ёслолоос илүү бодит зүйл бидэнд хэрэгтэй. Ганц уулзалтаар огцом ахиц гарах магадлал бага” хэмээн дүгнэжээ.

“ХУУЧИН АНД” БА БОЛГООМЖИЛЖ БУЙ ХОЛБООТНУУД

Хэдийгээр Ши Жиньпин Лхагва гарагт Д.Трампыг нисэх буудал дээр өөрийн биеэр угтан авч хүндэтгэл үзүүлсэн ч Орос-Хятадын харилцаа илүү гүнзгий байгаа нь ажиглагдав. АПЕК-ийн уулзалтын үеэр Ши Жиньпин В.Путинийг “миний хуучин анд” хэмээн дуудсан бол Путиний зүгээс түүнийг “эрхэм анд” гэж нэрлэсэн байна. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хоёр удирдагч ганцаарчилсан уулзалтаараа Украины дайны асуудлыг хэлэлцсэнийг баталжээ.

Харин Украин болон Европын холбоотнууд өөрсдийнх нь оролцоогүйгээр хувь заяаг нь шийдэх вий хэмээн ихээхэн болгоомжилж байна. Германы Канцлер Фридрих Мерц өнгөрсөн жил Аляскад болсон Трамп-Путиний уулзалтыг дурдаж, европчууд дахин нэг “Анкорижийн мөч” давтагдахаас эмээж байгааг илэрхийлсэн юм.

ХУДАЛДААНЫ ЭВЛЭРЭЛ БА NVIDIA-ГИЙН ДУУЛИАН

Дэлхийн хамгийн том хоёр эдийн засгийн хоорондох худалдаа, хиймэл оюун ухааны өрсөлдөөн ч мөн хурцадмал хэвээр байна. Өнгөрсөн долоо хоногт Nvidia компанийн гүйцэтгэх захирал Жэнсэн Хуан Хятадад дэвшилтэт чип нийлүүлэхэд тусалсан гэх Элис Хуантай нууц амрагийн харилцаатай байснаа хүлээн зөвшөөрч огцорсон билээ. Д.Трамп айлчлалынхаа өмнө Бээжинг доромжлохгүй, харилцаагаа хурцатгахгүйн тулд чипний хоригийг чангатгахаас түр татгалзсан байна.

Мөн уулзалтын өмнө АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент, Худалдааны төлөөлөгч Жеймисон Грир нар Хятадын Ерөнхий сайдын орлогч Хэ Лифэнтэй уулзсаныхаа дараа Бээжин өнгөрсөн жил Трамп-Ши нарын тохиролцсон Америкийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн худалдан авах болон газрын ховор элементийн экспортын хязгаарлалтыг сулруулах амлалтаа бүрэн биелүүлээгүй байгааг мэдэгджээ. Хоёр орны хооронд байгуулсан худалдааны түр эвлэрлийн хугацаа ирэх оны нэгдүгээр сарын 10-нд дуусгавар болох юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08