Dark Light
Спорт | 2026-11-19

МОНГОЛЫН АЛХАГЧИД ШИНЭ АМЖИЛТУУД ТОГТООЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монголын явган алхалтын холбооны гишүүд 2026 оны намрын олон улсын алхалтын улиралд давхардсан тоогоор 170 гаруй бүрэлдэхүүнтэйгээр найман улсын фестивальд Монгол Улсаа төлөөлж, олон улсын цол, шагналын амжилтаа ахиулан, дэлхийн алхагчидтай мөр зэрэгцэн алхацгаав.
Жил бүрийн ес, аравдугаар сард Европын орнуудын олон улсын явган алхалтын томоохон арга хэмжээнүүд өндөрлөж, арав, арваннэгдүгээр сард Ази-Номхон далайн бүсийн олон улсын алхалтын фестивалиуд идэвхэждэг уламжлалтай.
Энэ жилийн хувьд Монголын явган алхалтын холбоо, түүний аймаг, орон нутгийн салбар байгууллагууд, явган алхалтын клубүүдийн гишүүд ази, номхон далайн бүсийн олон улсын алхалтын улиралд онцгой идэвхтэй оролцож, Австри, Герман, Канад, Америкийн Нэгдсэн Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Япон, Тайвань, Индонез зэрэг найман улсын олон улсын явган алхалтын фестивалиудад давхардсан тоогоор 170 гаруй оролцоо бүртгүүлсэн амжилттайгаар улирлаа өндөрлүүллээ.
Монголын алхагчид олон улсын стандартад нийцсэн алхалтын зам, маршрутуудыг амжилттай туулж, оролцоогоо баталгаажуулахын зэрэгцээ олон улсын цол, шагналын болзлоо ахиулж, шинээр Ази-Номхон далайн алхагч цолтнууд төрөн гарч, багийн амжилтаараа Монгол Улсынхаа нэрийг олон улсын тавцанд өндөрт өргөсөн юм.
Европоос Америк, Ази хүртэл үргэлжилсэн олон улсын алхалтын улирал
Монголын алхагчдын намрын олон улсын оролцоо есдүгээр сарын 18-20-ны өдрүүдэд Австри улсын Зеефельд бүс нутагт зохион байгуулагдсан 26 дахь удаагийн олон улсын гурван өдрийн "Einhornmarsch" алхалтаар эхэлсэн юм. Альпийн нурууны үзэсгэлэнт байгаль, уулын зам, өвөрмөц тогтоцоороо алдартай энэхүү фестиваль нь Европын олон орны алхагчдыг нэгтгэдэг уламжлалт арга хэмжээ билээ.
Үргэлжлүүлэн аравдугаар сарын 3-4-ний өдрүүдэд Герман улсын Фульда хотын олон улсын хоёр өдрийн "Zwei-Tage-Marsch" алхалтад Монголын алхагчид оролцов. Тус арга хэмжээ нь олон улсын иргэний болон цэргийн алхалтын уламжлалыг хослуулсан, Европын явган алхалтын хөдөлгөөний нэр хүндтэй фестивалиудын нэг юм.
Үүний дараа аравдугаар сарын 10-11-ний өдрүүдэд Канадын Оттава хотод болсон "Maple Leaf March", мөн аравдугаар сарын 16-18-ны өдрүүдэд Америкийн Нэгдсэн Улсын Арлингтон хотод зохион байгуулагдсан «US Freedom Walk Festival» арга хэмжээнд Монголын алхагчид оролцлоо.
Эдгээр фестиваль нь алхалтаар дамжуулан олон улсын нөхөрлөл, харилцан ойлголцлыг дэмжихийн зэрэгцээ тухайн улсын түүхэн дурсгалт газар, үндэсний өв соёл, байгалийн үзэсгэлэнт орчинтой танилцах боломжийг оролцогчдод олгодгоороо онцлогтой.
Ази-Номхон далайн бүсэд Монголын алхагчдын оролцоо улам өргөжив
 
Аравдугаар сарын сүүлчээс арваннэгдүгээр сарын дунд үе хүртэл Ази-Номхон далайн бүсийн олон улсын алхалтын томоохон арга хэмжээнүүд дараалан зохион байгуулагдсан нь Монголын алхагчдын хувьд амжилт бүтээл, шинэ танил, мартагдашгүй дурсамжаар дүүрэн өдрүүд байлаа.
Аравдугаар сарын 24-25-ны өдрүүдэд БНСУ-ын Вонжу хотод 32 дахь удаагийн "Wonju Two Days Walk" олон улсын явган алхалтын фестиваль зохион байгуулагдав. Тус фестиваль нь Өмнөд Солонгосын явган алхалтын хөдөлгөөний олон жилийн уламжлал, зохион байгуулалтын туршлагыг илэрхийлдэг томоохон арга хэмжээ юм. Тус арга хэмжээнд Монголын алхагчид 2019 оноос хойш тасралтгүй оролцсоор иржээ. Тиймдээ ч Монголын явган алхалтын холбоо болон Солонгосын явган алхалтын холбоод эгч-дүүс холбоодын гэрээнд гарын үсэг зурж, нөхөрлөлөө бэхжүүлсээр ирсэн түүхэн уламжлал тогтжээ.
Арваннэгдүгээр сарын 1-3-ны өдрүүдэд Япон улсын Хигашимацүяма хотод болсон 49 дэх удаагийн "Japan Three Day March" олон улсын явган алхалтын фестивальд Монголын 30 гаруй алхагч оролцож, гурван өдрийн алхалтын хөтөлбөрт хүч сорин, олон улсын алхагчидтай туршлага солилцлоо. Японы явган алхалтын холбоо болон Монголын явган алхалтын холбоод нь 2023 онд эгч-дүүс холбоод болж стратегийн түвшинд хамтын ажиллагаагаа хөгжүүлж ирсэн юм.
Энэхүү фестиваль нь Японы олон улсын явган алхалтын хамгийн нэр хүндтэй, өргөн цар хүрээтэй арга хэмжээнүүдийн нэг бөгөөд алхагчдын тэсвэр хатуужил, сахилга бат, хамтын ажиллагаа, нөхөрлөлийг хөгжүүлэхэд чиглэдэг.
Арваннэгдүгээр сарын 7-8-ны өдрүүдэд Тайваньд зохион байгуулагдсан 36 дахь удаагийн IML олон улсын алхалтын фестиваль Монголын багийн хувьд онцгой амжилттай өндөрлөв.
Тус фестивальд Монголын явган алхалтын холбооны баг, хамт олон өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцож, зохион байгуулагчдын зүгээс "Хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй баг" шагналыг хүртээсэн нь Монголын явган алхалтын хөдөлгөөний олон улсын оролцоо, идэвхийг илэрхийлсэн үйл явдал боллоо.
Намрын олон улсын алхалтын улирлын сүүлийн томоохон арга хэмжээ болох Индонез улсын Жогжакарта хотын "Jogja International Heritage Walk" фестиваль арваннэгдүгээр сарын 14-15-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.
М.Энхтуяа ахлагчтай Монголын алхагчдын баг тус фестивальд оролцож, Монгол Улсаа төлөөлөн олон улсын алхалтын хөтөлбөрөө амжилттай үргэлжлүүлэв.
"Байгалиа хамгаалж, соёлоо хүндэтгэх" үзэл санааг түгээн дэлгэрүүлдэг энэхүү фестиваль нь явган алхалт, байгаль хамгаалал, соёлын өв, аялал жуулчлалыг нэгтгэсэн өвөрмөц арга хэмжээ юм.
Олон улсын цол зэрэг олгох алхалтаас гадна өргөн хүрээтэй оролцлоо
Монголын явган алхалтын холбооны гишүүд зөвхөн IML-ийн албан ёсны цол, шагналын тогтолцоонд хамаарах фестивалиудаар хязгаарлагдалгүй, бусад нэр хүндтэй алхалтын арга хэмжээнд ч идэвхтэй оролцож байна.
Тухайлбал, БНСУ-ын Сөүл хотод алхалтын байгууллагуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх айлчлал, солилцооны үйл ажиллагаанд оролцсон бол арваннэгдүгээр сарын 5-7-ны өдрүүдэд Жэжү аралд болсон "Jeju Olle Walking Festival" арга хэмжээнд Монголын алхагчид оролцлоо.
Жэжү Олле фестиваль нь байгалийн үзэсгэлэнт эрэг, уул толгод, тосгон суурингуудыг холбосон алхалтын замаараа алдартай бөгөөд алхалтыг орон нутгийн соёл, уламжлал, хүнсний соёл, байгаль хамгаалалтай уялдуулдгаараа олон улсын сонирхлыг татдаг.
Мөн Япон улсын Осака хотын явган алхалтын хөтөлбөрүүдэд холбооны гишүүд оролцож, орон нутгийн алхалтын соёл, зохион байгуулалтын туршлагаас суралцах боломж бүрдсэн юм. Мөн тус хотод зохион байгуулагдсан дэлхийн нордик алхагчдын чуулганд монголын алхагчид оролцож, үндэсний сургагч багш нараа бэлтгэв.
Эдгээр оролцоо нь Монголын алхагчдын олон улсын харилцааг зөвхөн албан ёсны цол, зэрэг олгох фестивалиудаар хязгаарлахгүйгээр өргөжүүлж, шинэ хамтын ажиллагаа, харилцан айлчлал, туршлага солилцооны боломжийг нээж байна.
Алхалт бол спорт, аялал жуулчлал, соёлын солилцоог холбосон гүүр
 
Олон улсын явган алхалтын фестивалиудын үнэ цэн нь зөвхөн тодорхой километр замыг туулж, медаль, цол зэрэг хүртэхэд оршдоггүй.
Харин алхагчид тухайн улс орны түүх, соёл, уламжлал, ахуй амьдрал, үндэсний хоол хүнс, байгалийн үзэсгэлэнт газар, түүхэн дурсгалт өв, аялал жуулчлалын онцлогтой биечлэн танилцаж, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн ижил сонирхолтой хүмүүстэй нөхөрлөл тогтоодог нь олон улсын алхалтын хөдөлгөөний хамгийн том үнэ цэнэ юм.
Монголын алхагчид ч энэ удаагийн аяллуудаараа Альпийн нурууны үзэсгэлэнт байгалиас эхлээд Канад, Америкийн түүхэн дурсгалт газрууд, Япон, Солонгосын хот суурин, Тайванийн байгалийн өвөрмөц тогтоц, Индонезийн соёлын өв, халуун орны үзэсгэлэнт байгальтай танилцаж, амьдралынхаа мартагдашгүй дурсамжийг бүтээлээ.
Тэд Монгол Улсынхаа төрийн далбааг олон улсын алхалтын талбаруудад мандуулж, бусад орны алхагчидтай нөхөрлөж, Монголын соёл, уламжлал, нүүдэлчин ахуй, байгалийн үзэсгэлэн, аялал жуулчлалын боломжийг сурталчлан таниулахад өөрсдийн хувь нэмрийг оруулсан юм.
Ийнхүү явган алхалт нь иргэдийн эрүүл мэндийг дэмжих хөдөлгөөнөөс гадна улс орнуудын найрамдал, соёлын солилцоо, аялал жуулчлалын хамтын ажиллагааг хөгжүүлэх бодит гүүр болж байна.
 
Монголын явган алхалтын холбооны олон улсын нэр хүнд, хамтын ажиллагаа өргөжсөөр байна
 
Монголын явган алхалтын холбоо нь Олон улсын явган алхалтын холбоо (IML Walking Association)-ны кандидат гишүүний хувьд дэлхийн алхалтын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа идэвхтэй хөгжүүлж, олон улсын түвшинд Монгол Улсын оролцоог өргөжүүлэхэд анхаарч ажиллаж байна.
Энэ удаагийн олон улсын фестивалиудын үеэр холбооны тэргүүн Б.Болор-Эрдэнэ болон холбоог төлөөлөн оролцсон удирдлагууд зохион байгуулагчдын албан ёсны арга хэмжээ, хүндэтгэлийн үйл ажиллагаанд оролцож, олон улсын алхалтын тайзнаас Монголын алхагчдын нэрийн өмнөөс мэндчилгээ дэвшүүлэн, Монгол Улсад явган алхалтын соёл хэрхэн хөгжиж буй талаар танилцуулав.
Энэ нь Монголын явган алхалтын хөдөлгөөнийг олон улсад таниулах, байгууллага хоорондын итгэлцэл, харилцааг бэхжүүлэх, цаашдын хамтын ажиллагааны шинэ боломжийг нээхэд чухал ач холбогдолтой байлаа.
IML Walking Association нь улс орнуудын хоорондын ойлголцол, нөхөрлөлийг явган алхалтаар дамжуулан хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгодог. Тус холбооны "Nos Iungat Ambulare" буюу "Алхалт биднийг нэгтгэг" гэсэн уриа нь өнөөдөр Монголын алхагчдын олон улсын оролцоо, хамтын ажиллагааны бодит илэрхийлэл болж байна.
 
Монгол Улс олон улсын алхалтын шинэ зорих газар болох боломжоо өргөжүүлж байна
 
Монголын явган алхалтын холбоо олон улсын арга хэмжээнд оролцохоос гадна дэлхийн улс орнуудын алхагчдыг Монгол Улсад хүлээн авах, олон улсын стандартад нийцсэн алхалтын фестивалиудыг эх орондоо тогтвортой хөгжүүлэх зорилго тавин ажиллаж байна.
Тухайлбал, жил бүр зохион байгуулдаг "Улаанбаатар явган алхалтын фестиваль" нь Монголын байгалийн үзэсгэлэнт газар, нүүдэлчин соёл, өв уламжлал, үндэсний зочломтгой зан чанарыг олон улсын алхагчдад таниулах чухал арга хэмжээ болон хөгжиж байна.
Цаашид тус фестивалийг IML-ийн олон улсын албан ёсны арга хэмжээний бүрэлдэхүүнд багтаахад чиглэсэн ажлуудыг үргэлжлүүлж, Монгол Улсыг олон улсын явган алхалтын аялал жуулчлалын шинэ, сонирхол татахуйц чиглэл болгон хөгжүүлэхээр зорьж байна.
Монголын алхагчдын олон улсын оролцоо жилээс жилд өргөжин тэлж, дэлхийн олон орны алхалтын зам дээр Монголын төрийн далбаа улам бүр танигдаж, шинэ амжилт, шинэ нөхөрлөл, шинэ боломжууд бий болсоор байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08