Оросын дроны байнгын довтолгооноос хамгаалахын тулд Украин улс олон жилийн турш хөгжүүлсэн “Оддын дайн”-д гардаг системийг санагдуулам лазерын хамгаалалтын системээ тулааны талбарт анх удаа амжилттай ашигласныг Их Британийн The i Paper мэдээллээ.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн тусгай зөвлөх Сергей Бескрестнов Пүрэв гарагт “Carmine Sky” компанийн бүтээсэн “Блиск” (Blysk) лазер систем чухал дэд бүтцийг Оросын дроны халдлагаас хамгаалсныг мэдэгдэв. Нийтэлсэн дүрс бичлэгт тус систем Оросын тийрэлтэт хөдөлгүүртэй “Герань” дроныг онилон, байгаа онохоос нь өмнө унагаж дэлбэлж буй нь буужээ.
Украины лазер зэвсэг хэрхэн ажилладаг вэ?
Зэвсгийн ажиллагааны нарийн ширийнийг нууцалж байгаа ч ерөнхий зарчим нь өндөр хүчин чадалтай гэрлийн цацрагаар ирж буй биетийг шатааж устгадаг.
-
Хүчин чадал ба тусгал: Украины хэвлэлүүдийн мэдээлснээр “Блиск” систем нь 4 орчим киловаттын хүчин чадалтай бөгөөд нэг километр орчим зайд үр дүнтэй тусдаг аж. (Харьцуулбал, Израилийн “Iron Beam” лазер 100 киловаттын хүчин чадалтай).
-
Устгах хурд: Тагнуулын жижиг дронуудыг агшин зуурт устгадаг бол Ираны “Шахед” загварт суурилсан том хэмжээтэй “Герань” дроныг унагахын тулд лазерын туяаг хэдэн секундийн турш тасралтгүй тусгах шаардлагатай байдаг.
Дайны явцад нөлөөлж чадах уу?
Хэдийгээр энэ нь технологийн томоохон дэвшил боловч ойрын хугацаанд дайны явцыг эрс өөрчлөхөд хязгаарлагдмал нөлөөтэй гэж шинжээчид үзэж байна. С.Бескрестнов ч одоогоор туршилтын шатанд яваа тул бөөнөөр үйлдвэрлэх тухай ярихад эрт байгааг хүлээн зөвшөөрчээ.
Австралийн Стратегийн бодлогын хүрээлэнгийн шинжээч Жейн Харди лазер зэвсгийн хоёр гол сул талыг онцолсон байна:
-
Цаг агаарын хамаарал: Бороо, цас, манан, өтгөн үүл нь лазерын туяаг сарниулдаг тул өвлийн улиралд ашиглахад хүндрэлтэй. Киевийн тэнгэр сүүлийн хэдэн долоо хоног бүрхэг байсан нь “Блиск”-ийн ажиллагааг хязгаарлажээ.
-
Эрчим хүчний хэрэгцээ: Лазер зэвсэг тасралтгүй ажиллахад найдвартай цахилгаан эх үүсвэр шаарддаг бөгөөд Оросын зүгээс Украины эрчим хүчний дэд бүтцэд цохилт өгч байгаа нь үүнд сорилт болж байна.
Гэсэн хэдий ч нэг буудалт нь сая сая паундын өртөгтэй агаарын довтолгооноос хамгаалах пуужинтай харьцуулахад лазер нь өртөг багатай хувилбар тул урт хугацаанд Украин төдийгүй Их Британи, Балтийн орнуудын батлан хамгаалах салбарт хурдацтай хөгжинө гэж шинжээчид дүгнэжээ.
ТАТАР МАЙДАР






Гадаад


