Dark Light
Нийгэм | 2026-11-11

УЛААНБААТАРТ ДАЙНД АМЬ ҮРЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭХ ӨДӨР БОЛЛОО

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | UK in Mongolia

Өнөөдөр буюу 11 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотноо Дайнд энх тайвны төлөө амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх Дурсгалын өдөр (Remembrance Day)-т зориулсан ёслолын арга хэмжээ боллоо.

Уг ёслолын дараа Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас албан ёсны цахим хуудсаараа дамжуулан дараах дулаахан мэдэгдлийг гаргажээ:

"Өнөөдөр бид бидний энх тайван, эрх чөлөөний төлөө амь биеэ үл хайрлан зүтгэсэн баатруудынхаа гэгээн дурсгалыг хүндэтгэх, мөн эх орныхоо төлөө алба хаасаар байгаа нийт дайчиддаа хүндэтгэл үзүүлэх Дурсгалын ёслолоо зохион байгууллаа. Тэднийг дурсан санаж, хүндэтгэл үзүүлэхээр бидэнтэй нэгдсэн хүн бүхэнд гүн талархал илэрхийлье. Бид тэднийг үүрд санан дурсах болно".

Амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр (Remembrance Day) хэмээн нэрлэдэг энэхүү түүхэн өдөр нь Британийн хамтын нөхөрлөлийн орнуудын хэмжээнд жил бүрийн 11 дүгээр сарын 11-нд тохиодог. Уг өдрийг Их Британи болон түүний холбоотнуудын оролцсон дайн, зэвсэгт мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн нийт дайчдын гэгээн дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор тэмдэглэж иржээ. Анх 1919 онд Их Британийн Хаан V Георгийн зарлигаар Нэгдсэн Хаант Улс болон Хамтын нөхөрлөлийн орнуудад үүнийг албан ёсоор тэмдэглэж эхэлсэн түүхтэй.

Энэхүү дурсгалын өдрийн гол зорилго нь Дэлхийн нэгдүгээр дайны үеэр амь үрэгдсэн Их Британи болон Британийн Хамтын нөхөрлөлийн орнуудын цэргүүдийн дурсгалыг хүндэтгэхэд оршино. 1918 оны 11-р сарын 11-ний өдөр Европ дахь Антантын гүрнүүд болон Гурвалсан холбооны улсуудын хоорондох байлдааны ажиллагаа зогссоныг зарласан бөгөөд энэ нь "11-р сарын 11-ний өдрийн 11 цагт" тохиосон юм.

Компьенийн анхны эвлэрэл (First Armistice at Compiègne) гэгддэг энэхүү баримт бичигт Герман болон Антантын төлөөлөгчид өглөөний 05:12-оос 05:20 цагийн хооронд гарын үсэг зуржээ. Эвлэрлийн гэрээ Төв Европын цагаар 11:00 цагт хүчин төгөлдөр болсон бөгөөд 1919 оны 6-р сарын 28-нд Версалийн гэрээг байгуулснаар дайн албан ёсоор өндөрлөсөн байна.. 11-р сарын 11-ний өдрийг Баруун Европын улс орнууд болон АНУ-д анх "Эвлэрлийн өдөр" (Armistice Day) хэмээн тэмдэглэж эхэлжээ. Анхны арга хэмжээнүүд 1919 оны 11-р сарын 10-нд Букингемийн ордонд болсон бөгөөд тухайн орой нь Хаан V Жорж Францын Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгчийн хүндэтгэлд зориулан хүлээн авалт зохион байгуулсан байна. Албан ёсны дурсгалын арга хэмжээнүүд дараа өдрийнх нь өглөө болжээ.

Энэхүү дурсгалыг хүндэтгэх үйл явдлын бэлгэ тэмдэг нь улаан намуу цэцэг бөгөөд үүнийг Канадын эмч, яруу найрагч, дэд хурандаа Жон МакКрэй өөрийн "Фландерсийн талбайд" (In Flanders Fields) хэмээх шүлгээрээ дамжуулан мөнхжүүлжээ. Энэхүү бүтээлээс санаа авсан Жоржиагийн их сургуулийн багш Мойна Майкл "Бид дурсах болно" (We Shall Remember) хэмээх шүлгээ бичиж, дурсгал хүндэтгэх өдрүүдэд жил бүр хувцасныхаа энгэрт улаан намуу цэцэг зүүж байхаар тангарагласан байна. Гурван жилийн дотор намуу цэцэг зүүх заншил Британийн эзэнт гүрэн даяар тархсан бөгөөд 1921 он гэхэд энэ нь "Дурсгалын өдөр"-ийн салшгүй нэг хэсэг болжээ. Их Британид уг уламжлалыг хошууч Жорж Хаусон, фельдмаршал Дуглас Хэйг нар идэвхтэй дэмжин сурталчилсан байна. Анх хүмүүс Дэлхийн нэгдүгээр дайны үеийн Фландерсийн тулааны талбарт ургаж байсан жинхэнэ намуу цэцгийг зүүдэг байв. Улаан өнгө нь тулалдааны талбарт асгарсан цусыг бэлгэддэг байжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08