Өмнөд Солонгосын цагаачдын эрхийг хамгаалагчид болон тус улсад оршин суугч гадаад иргэд Ерөнхийлөгч Ли Жэ Мёныг цагаачдыг зориуд онилж, тэдний эсрэг үзэл суртал ухуулгыг гааруулсан хэмээн хатуу шүүмжлэлээ.
Идэвхтнүүд Сөүл хотын төвд, Хөх ордны өмнө хэвлэлийн бага хурал хийж, цагаачлал болон халамжийн тогтолцоонд үүсээд буй системийн алдаа дутагдлыг иргэд рүү нялзаахгүй байхыг Ерөнхийлөгчөөс шаардсан байна.
Ерөнхийлөгч Ли Жэ Мён өөрийн цахим хаягаар дамжуулан орон нутгийн захиргаанаас хэрэгжүүлж буй нийгмийн халамжийн хөтөлбөрүүд нь олон соёлт гэр бүлүүдэд хэтэрхий давуу тал олгож, унаган солонгос иргэдийг урвуу гадуурхалд өртүүлж байна хэмээн удаа дараа сэрэмжлүүлжээ. Тэрээр соёл олон ургальч бодлогыг сохроор дэмжих нь эргээд нийгмийн эсэргүүцлийг дагуулна гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм.
.jpg)
Маргаантай холбоотойгоор Өмнөд Солонгост амьдарч буй гэрлэлтийн цагаач, монгол идэвхтэн Нарантуяа эрх баригчдыг хатуу шүүмжлэв. Тэрээр өөрийн байр сууриа илэрхийлэхдээ, анх олон соёлт гэр бүлийг дэмжих төвийн хөтөлбөрт хамрагдахыг хүсэхгүй байгаагаа хэлэхэд албаны хүмүүс сайн санаж ирсэн хэмээн хүчээр оролцуулахыг шахдаг гэв. Тэгчихээд одоо болохоор гадаад иргэдэд тусгай давуу эрх олгож, төсвийн мөнгө үрж байгаа мэтээр ярьж, олон соёлт гэр бүлүүдийг буруутгаж байна хэмээн тэрээр дургүйцлээ илэрхийлсэн байна. Сөүл хотын захиргааны мэдээллээр, Ерөнхийлөгчийн шүүмжлээд байсан төрсний дараах сувиллын хөнгөлөлтийг ашигласан иргэдийн ердөө 2.8 хувийг л олон соёлт гэр бүлүүд эзэлж байгаа аж.
“Ерөнхийлөгчийн хэлсэн үг бол зөвхөн хувь хүний үзэл бодол төдий зүйл биш юм. Харин энэ нь нийгэм хэнийг хүлээн зөвшөөрч, хэнийг гадуурхаж буйг илтгэх улс төрийн дохио юм” гэж Хятадаас гаралтай солонгос үндэстэн, цагаачдын эрх ашгийг хамгаалах “3rd Voice Laboratory” байгууллагын захирал Пак Дун Чан хэлэв. “Одоо Солонгос иргэдийн эрх ашгийг хамгаалахын тулд цагаачдад олгох тэтгэмжийг бууруулах ёстой гэсэн ойлголт хяналтгүйгээр тархаж байна. Ерөнхийлөгч үүнд хариуцлага хүлээх ёстой” хэмээн тэр үзэж байгаа юм.
Энэхүү эсэргүүцлийн ажиллагаа нь Солонгосын нийгэм дэх цагаачдын байр суурийн талаар ерөнхийлөгч болон түүнийг шүүмжлэгчдийн хооронд цахим орчинд өрнөсөн маргааны дараа гарчээ.
10-р сарын 28-наас хойш Ли өөрийн X (хуучнаар Twitter) хаягтаа хэд хэдэн нийтлэл оруулж, орон нутгийн засаг захиргааны халамжийн хөтөлбөрүүд нь Солонгос иргэн болон гэрлэлтийн шугамаар цагаачилж ирсэн хүнээс бүрдсэн гэр бүлүүдэд хэт их тэтгэмж олгож болзошгүйг анхааруулсан байна.
Жагсагчид мөн Ерөнхийлөгч Ли Жэ Мёныг гадаад ажилчдын талаар хийсэн мэдэгдэлдээ уучлалт гуйхыг шаардсан байна. Ерөнхийлөгч хэлэхдээ, гадаад ажилчид олсон цалингийнхаа тодорхой хэсгийг эх орон руугаа гуйвуулдаг тул Өмнөд Солонгосын эдийн засагт бодит хувь нэмэр оруулдаггүй хэмээн үзэж байгаагаа илэрхийлжээ.
Цагаачдын эрхийг хамгаалах нэгдсэн хорооны төлөөлөгч Ли Жэ Сан үүний хариуд, одоогийн систем нь гадаад ажилчдыг гэр бүлээ авчрахыг хориглож, богино хугацаагаар ажиллуулаад гаргадаг загвартай гэдгийг тайлбарлалаа. Тэд мөнгөө гэр рүүгээ явуулж байгаа нь энэ системийн өөрийнх нь бүтцийн үр дагавар бөгөөд үүнийг системээс нь салгаж, тэднийг эдийн засагт хувь нэмэр оруулдаггүй гэж шүүмжлэх нь солонгосчуудын хийдэггүй хүнд салбарт зүтгэж буй тэдний зүтгэл, эрсдэлийг үл тоомсорлож буй хэрэг хэмээн тайлбарласан байна.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Ерөнхийлөгч Ли Жэ Мён Төрийн зөвлөлийн хурлын үеэр өөрийн байр сууриа дахин хамгаалж, үндэслэлгүй халамж олноор олгох нь системийн нэр хүндийг унагаж, цагаачдын эсрэг бүлгүүдэд үзөн ядалт дэвэргэх зэвсэг болж өгдөг тул хяналтыг чангаруулах ёстой гэдгээ дахин мэдэгджээ.
ТАТАР МАЙДАР






Гадаад




