Dark Light
Эдийн засаг | 2026-11-13

BABR24: «ЭГИЙН ГОЛ» УЦС БА ОРОСЫН ЗӨВШӨӨРЛИЙН ҮНЭ ЦЭН

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Эрхүү хотод төвтэй, орон нутгийн Babr24 бие даасан цахим  хэвлэл “Байгаль нуурын ирээдүйн төлөө хэн, ямар нөхцөлөөр тохиролцоход бэлэн байна вэ” гэсэн асуудал дэвшүүлсэн нийтлэл тавьжээ.

Монгол Улс Сэлэнгэ мөрний усны горим төдийгүй эрчим хүчний зах зээлийн хүчний харьцааг өөрчилж болзошгүй «Эгийн гол» усан цахилгаан станцыг (УЦС) барихад ойртож байна. Орос улс цахилгаан эрчим хүчний томоохон худалдан авагчдынхаа нэгийг алдах эрсдэлтэй тулгараад байгаа ч Москвад экологийн маргааныг ашигтай хэлцэл болгон хувиргах боломж байсаар байна.

2026 оны 11-р сарын 9-ний өдөр Түлш, эрчим хүчний цогцолборын технологийн хөгжлийн хүрээлэн (ИРТТЭК) «Нэг УЦС-аас ч илүү зүйл: Эгийн гол, Монголын эрчим хүчний хангамжийн дахин хуваарилалт ба Оросын зөвшөөрлийн үнэ цэн» хэмээх сонирхолтой гарчигтай судалгааг нийтэлжээ. Судалгааны зохиогчид Эгийн гол дээр усан цахилгаан станц барихын экологийн үр дагавар, Монголын эрчим хүчний бодлогын өөрчлөлт, төслийн өртөг болон Орос, Хятадын ашиг сонирхлыг авч үзсэн байна.

Төслийг зөвшөөрсний хариуд Москва Улаанбаатараас эдийн засгийн ямар нөхцөл шаардаж болох тал дээр онцгой анхаарал хандуулжээ. Энэхүү өрнөж буй үйл явдлын бүхэл бүтэн дүр зургийг илүү товч хэлбэрээр нэгтгэн хүргэж байна.

Тус хүрээлэнгийн сүүлийн судалгаагаар Москвагийн зөвшөөрлийг эдийн засгийн томоохон наймааны нэг хэсэг болгон авч үзжээ. Эргэн сануулахад, Эгийн гол дээр баригдах ирээдүйн УЦС-ын хүчин чадал 310–315 МВт, жилийн үйлдвэрлэл нь ойролцоогоор 606 сая кВт.цаг байх ёстой. Хүрээлэнгийн тооцоогоор энэ нь 2025 оны Монголын төвийн эрчим хүчний системийн импортын 84.5 хувийг орлоход хангалттай хэмжээ юм. Оросын нийлүүлэгчдийн хувьд энэ нь аль хэдийн эхэлсэн өөрчлөлтүүдийг улам бүр гүнзгийрүүлэх маш таагүй хэтийн төлөв болоод байна.

2024 онд «Интер РАО» компани Монголд ойролцоогоор 1.3 тэрбум кВт.цаг эрчим хүч нийлүүлсэн бол 2025 онд 1 тэрбум орчим болж, нийт экспорт 23 хувиар буурчээ. Үүнтэй зэрэгцэн Улаанбаатар Бөөрөлжүүтийн нүүрсний цахилгаан станцын хоёр эрчим хүчний блокийг ашиглалтад оруулснаар дотоодын үйлдвэрлэлээ нэмэгдүүлж байна.

Мөн 2026 онд гаднын шинэ түнш гарч ирлээ. Монголын төвийн эрчим хүчний системийг анх удаа Хятадын эрчим хүчний системтэй шууд холбосон бөгөөд энэ шугам нь одоо Өвөр Монголоос 80 МВт хүртэлх эрчим хүч авах боломжийг олгож байна. Өмнө нь хагас зуун жилийн турш энэ систем зөвхөн Оростой холбоотой байсан юм.

Өөрөөр хэлбэл, Эгийн гол бол тус улсын илүү өргөн хүрээтэй төлөвлөгөөний зөвхөн нэг хэсэг нь юм. Хэдийгээр 2024 оны 1-р сард Монгол Улс Сэлэнгэ мөрөн дээр «Шүрэн» УЦС болон Орхон голын урсацыг Говь руу шилжүүлэх усны цогцолбор барихаас татгалзаж буйгаа ЮНЕСКО-д мэдэгдсэн ч 2025 оны 9-р сард эдгээр хоёр төсөл гаднын санхүүжилт олох шаардлагатай санаачилгын хувиар уур амьсгалын NDC 3.0 төлөвлөгөөнд дахин орж иржээ.

Ингээд үзвэл Улаанбаатар усны нөөцийг өргөн хүрээнд дахин хуваарилах санаанаасаа бүрмөсөн татгалзаагүй байна. Энэ хооронд Хятад улс Ховд гол дээрх «Эрдэнэбүрэн» УЦС болон Орхоны сав газарт баригдах «Ерөө» усан цэнэгт цахилгаан станц (УЦСЦ) зэрэг төслүүдээр дамжуулан Монголын эрчим хүчний салбарт байр сууриа бэхжүүлсээр байна. Сүүлийнх нь зөвхөн цахилгаан үйлдвэрлэх бус, эрчим хүчний системийн ачааллыг тохируулах зориулалттай юм.

Экологийн асуудлыг хоёрдугаарт тавьсан ч Эгийн гол бол маш өндөр өртөгтэй тансаглал юм. 2014 оны техник-эдийн засгийн үндэслэлээр (ТЭЗҮ) барилгын ажлыг 827.6 сая ам.доллараар үнэлж байсан бол 2026 он гэхэд Монголын Төсвийн тогтвортой байдлын зөвлөл өртгийн баримжааг 3.7 их наяд төгрөг буюу ойролцоогоор 1.04 тэрбум ам.доллар болгон өсгөжээ.

ИРТТЭК-ийн тооцоолсноор, нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, 5 хувийн хүүтэй санхүүжилт авсан тохиолдолд цахилгаан эрчим хүчний өртөг 1 МВт.цаг тутамд 115.1 ам.доллар болно. Харин Оросын импортын эрчим хүч үүнээс хямд буюу ойролцоогоор 70–75 ам.доллар байдаг. Тус УЦС Оросын эрчим хүчтэй өрсөлдөх чадвартай байхын тулд Монголд 1 хувь орчмын хүүтэй бараг үнэгүй шахам санхүүжилт шаардлагатай болно.

Үүн дээр экологийн шаардлагууд зөвхөн зардлыг улам нэмэгдүүлнэ. Хэрэв станцын ажиллагаанд хязгаарлалт тавьснаар эрчим хүчний үйлдвэрлэл 20 хувиар буурвал 5 хувийн хүүтэй үед нэг мегаватт-цагийн үнэ 143.9 ам.доллар болж өснө. Хамгаалалтын байгууламжид нэмж 100 сая ам.доллар зарцуулбал үнэ дээр дахин 11.5 ам.доллар орчим нэмэгдэх юм. Боломжит шийдлүүдийн дунд буфер далан болон усан цэнэгт станц барих хувилбарууд яригдаж байгаа ч тэдгээрийн эцсийн өртөг одоогоор тодорхойгүй байна.

Яг энэ цэг дээр төслийн цаашдын хувь заяа хамаарах шинжлэх ухааны маргаан эхэлж байна. Оросын Шинжлэх ухааны академийн (ОШУА) Газар зүйн хүрээлэнгийн судлаачид болох Алексей Тишков, Светлана Титова нар 2025 онд «Вестник РАН» сэтгүүлд нийтлүүлсэн өгүүлэлдээ 2000–2024 оны ургамлын бүрхэвчийн NDVI болон EVI индексээр ландшафтын өөрчлөлтийг судалжээ.

Судалгааны хүрээнд мэргэжилтнүүд УЦС-ын орчим нутгийн ландшафтад үзүүлэх нөлөө нь орон нутгийн чанартай, харин Байгал нуурт үзүүлэх нөлөө нь хамгийн бага байна гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Гэхдээ зохиогчид үүний зэрэгцээ экосистемийн үйлчилгээний алдагдал, Хөвсгөл нуураас эх авдаг цорын ганц урсацыг хаахын үр дагавар болон ган гачигтай үед усан санг дүүргэх эрсдэлийн талаар анхааруулжээ.

Харин ОШУА-ийн Сибирийн салбарын Л.А.Мелентьевийн нэрэмжит Эрчим хүчний системийн хүрээлэнгийнхэн ургамлын бүрхэвчийг бус, усны хөдөлгөөнийг судалсан байна. Тэдний тооцоогоор зуны улиралд Наушки орчимд Сэлэнгэ мөрний урсацын хазайлт 19.4 хувьд хүрч болзошгүй бол өвлийн улиралд Оросын талын хэсэгт усны түвшин 0.5–1 метрээр нэмэгдэж, зуны усны температур 1–3 хэмээр буурах магадлалтай аж.

2026 онд тус хүрээлэнгийн эрдэмтэд «Известия РАН. Энергетика» сэтгүүлд экологийн хязгаарлалттай үеийн УЦС-ын ажиллах горимыг тусгайлан судалж, ялангуяа өвлийн улирал болон ус багатай жилүүдэд зарим саруудад хил дээрх урсацын зөвшөөрөгдөх хэмжээ зөрчигдөх эрсдэл байгааг онцолжээ.

ИРТТЭК хүрээлэн Москвад хандан барилгын ажлын эсрэг маргаанаа хойш тавьж, өөрийн зөвшөөрлийг хэлэлцээрийн хөшүүрэг болгон ашиглаж эхлэхийг санал болгож байна. 2015 онд Хятад улс Эгийн голд нэг тэрбум ам.доллар олгохоор амласан боловч 2016 онд Орос болон байгаль орчны байгууллагуудын эсэргүүцлийн дараа санхүүжилтийг царцаасан юм.

Тухайн үед Москва мөн Монголд цахилгаан эрчим хүчний өөр эх үүсвэр санал болгосноор Дэлхийн банкны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих байсан «Шүрэн», «Орхон» төслүүдийг зогсоож чадсан билээ. Харин одоо нөхцөл байдал өөрчлөгдөж, Хятадын оролцоо өсөж, Оросын экспорт буурч байна.

Эгийн голын төслийг зөвшөөрсний хариуд тус хүрээлэн заавал байх ёстой экологийн урсац гаргах, Сэлэнгэ мөрөн болон Байгал нуурт нээлттэй хяналт (мониторинг) тавих, «Шүрэн» болон «Орхон–Говь» төслүүд рүү эргэж орохоос татгалзах, мөн төсөл боловсруулах болон тоног төхөөрөмж нийлүүлэх ажилд Оросын компаниудыг оролцуулах нөхцөл тавихыг санал болгож байна. Одоогоор зөвхөн экологийн мониторингийн шинжлэх ухааны үндэслэлийг хамтран боловсруулах асуудал л олон нийтэд албан ёсоор батлагдаад байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08