Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг сая төгрөгт хүргэх шийдвэрийг хэрэгжүүлэх шаардлагаа хэвээр хадгалж, тэмцлээ үргэлжлүүлэхээр боллоо.
Тус холбооноос эхлүүлсэн хөдөлмөрийн сонирхлын маргаан хуульд заасан журмын дагуу үргэлжилж байгаа бөгөөд зуучлагчийн шатанд талууд зөвшилцөлд хүрээгүй байна. Үүнтэй холбогдуулан маргааныг дараагийн шатанд шилжүүлэх асуудлыг хэлэлцэхээр МҮЭ-ийн холбооны гишүүн байгууллагуудын удирдлагууд арваннэгдүгээр сарын 12-нд хуралджээ.
Хуралдаанд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир оролцож, нийгэм, эдийн засаг, улсын төсвийн нөхцөл байдал болон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдсан торгууль, шийтгэлийн зохицуулалтаас үүдэж буй хүндрэлүүдийн талаар мэдээлэл өгсөн байна.
Харин үйлдвэрчний эвлэлийн удирдлагууд гурван талт үндэсний хороогоор хэлэлцэн гаргасан шийдвэрийг нэг талын байр сууринаас өөрчлөх, хэрэгжилтийг хойшлуулах оролдлогыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ. Тэд иргэдийн амьжиргааны өртөг нэмэгдэж, ажил хөдөлмөр эрхлэгчдийн орлогын баталгаа хангалтгүй хэвээр байгааг онцолсон байна.
Одоогоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг байгаа бөгөөд үүнийг нэг сая төгрөгт хүргэснээр сарын доод хэмжээ 208 мянган төгрөгөөр нэмэгдэх юм. Уг шийдвэрийн хэрэгжилтийг олон мянган ажилтан, хөдөлмөрчид хүлээж байгаа талаар МҮЭ-ийн холбоо мэдээллээ.
Мөн өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 13-нд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал МҮЭ-ийн холбооны удирдлагуудыг хүлээн авч уулзахаар товлосон байна.
Уулзалтын үр дүнгээс хамааран МҮЭ-ийн холбоо хөдөлмөрийн сонирхлын маргааны хүрээнд ажил хаялт зохион байгуулах шатанд шилжих эсэх, эсвэл хэлэлцээрийг үргэлжлүүлэх асуудлаар дараагийн шийдвэрээ гаргахаар төлөвлөжээ.
Г.ГАНЦЭЦЭГ






Нийгэм




