Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Ус, цаг уур, орчны шинжилгээний газар, Ойн газар хамтран цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэв.
УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү: 2025 он гарсаар улсын хэмжээнд 12 аймгийн 55 сум, нийслэлийн хоёр дүүрэгт 80 удаагийн ой хээрийн түймэр бүртгэгдсэн. Ой хээрийн гал түймэрт урьдчилсан байдлаар 26820 га ойн талбай, 701 мянга га орчим хээрийн талбай өртсөн. Түймрийн улмаас айлын гэр байшин, мотоцикл, мал, хашаа хороо, өвөлжөө гэх мэт урьдчилсан байдлаар 4.3 тэрбум хохирол учраад байна. Цаашдаа хохирлын хэмжээ нэмэгдэнэ. 2025 оны тавдугаар сарын 2-ны өдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө, Түшиг сумдад гарсан ой хээрийн гал түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид, тухайн орон нутгийн иргэд аймаг сумын мэргэжлийн албан хаагчид үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Зүүнбүрэн, Хушаат суманд гарсан гал түймрийг өнөөдөр өглөө бүрэн унтрааж тухайн сумын Засаг дарга хүлээлгэн өгсөн. Яг одоо ажиллаж байгаа хоёр түймэр бий.