Dark Light
Нийгэм | 2026-11-12

ГОМБОЖАВЫН ЗАНДАНШАТАР КУАЛА ЛУМПУРААС МАЛАЙЗ, АВСТРАЛИД ХАНДАН УРИАЛГА ГАРГАВ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

20 жилийн дараах тэмцэл буюу Монгол Улсын Ерөнхий сайд асан Гомбожавын Занданшатар Ш.Алтантуяа агсны хэргийг шударгаар шийдвэрлэхийг Малайзаас албан ёсоор шаардлаа. Zogii түүний сошиал хуудсандаа хуваалцсан нийтлэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

“Гадаад харилцааны сайдаар ажиллаж байхдаа би С.Шаарийбуу гуайтай анх уулзсан. Охиныхоо төлөө итгэл, найдвар тээсэн тэр харцыг нь би одоо ч мартдаггүй.

УИХ-ын даргаар ажиллахдаа охиных нь хэргийн асуудлыг Малайзын парламентын удирдлагад тавьж, Ерөнхий сайдаар ажиллахдаа Засгийн газрын ажлын хэсэг байгуулсан.

Хорин жил өнгөрлөө. Ш.Алтантуяа агсны ээж шударга ёс тогтохыг үзэж амжилгүй бурхан болсон. Бага хүү нь ээжийгээ хүлээсээр 15 насандаа тэнгэрт одсон. Өнөөдөр аав нь “Уучлаарай” гэх үгийг ч сонсолгүй өтөлж явна.

Өөр ямар ч эцэг эх үрээ, ямар ч хүүхэд ээжийгээ алдаж, ийм зовлон туулах ёсгүй. Энэ хэргийг шударгаар шийдвэрлэх цаг болсон.

Өнөөдөр Куала Лумпур хотод хэвлэлийн бага хурал хийж, Монгол Улсын байр суурь, Малайзын талд тавьсан дөрвөн хүсэлтийг танилцууллаа.

Манай Гадаад харилцааны яам Бангкок, Бээжинд суугаа Малайзын Элчин сайд нарт демарш хүргүүлсэн. Демарш гэдэг нь улсынхаа албан ёсны байр суурь, хүсэлтийг нөгөө улсын Засгийн газарт дипломат шугамаар уламжлахыг хэлдэг.

Бид дараах дөрвөн асуудлыг тавьж байна.

1. Монгол Улсын иргэн С.Шаарийбуугийн Давж заалдах шатны шүүхийн шийдвэрт гаргасан гомдол, холбогдох иргэний нэхэмжлэлийг улс төрийн болон бусад хөндлөнгийн нөлөөллөөс ангид, баримтад тулгуурлан шударга, ил тод шийдвэрлэх.

2. Австралид байгаа Сирул Азхар Умараас иргэний хэрэгт мэдүүлэг авах хууль ёсны боломжийг бүрдүүлж, түүнийг Малайзад хууль ёсоор шилжүүлэн өгөх асуудлаар Малайз, Австралийн яриа хэлэлцээг эрчимжүүлэх.

3. Шинээр илэрсэн болон өмнө нь шалгаагүй нотлох баримтыг хуульд нийцүүлэн шуурхай шалгаж, гэр бүлд өмгөөлөгчдөөр нь дамжуулан мэдээлэх.

4. Шүүх ажиллагаа болон тавьсан хүсэлт бүрийн талаар Монгол Улсын Засгийн газарт албан ёсоор бичгээр хариу өгөх.

Бид Малайзын шүүхийн хараат бус байдлыг хүндэтгэж буй. Монгол Улс хэнийг ч цаазаар авахуулахыг хүсэхгүй. Сирулыг буцаах аливаа тохиролцоо хоёр улсын хуульд нийцэж, цаазаар авах ялыг гүйцэтгэхгүй байх бодит баталгаатай байх ёстой.

Ш.Алтантуяа талийгаачийн гэр бүл үнэнийг мэдэж, шударга ёсыг хүртэх эрхтэй. Тэдний хууль ёсны эрх ашгийг хамгаалахын төлөө дипломат болон хууль ёсны бүх сувгаар тууштай ажиллаж, тавьсан хүсэлтүүдийнхээ хариуг нэхэх болно.

Мөн хувийн санаачилгаар Малайз, Австралийн Засгийн газарт хандсан “Алтантуяагийн нэр төрийн төлөө” олон улсын цахим өргөдөл, гарын үсэг цуглуулах аяныг эхлүүллээ.

Энэ гэр бүлийн үнэнийг мэдэх, шударга ёсыг хүртэх эрхийн төлөө уриалгад нэгдэж, гарын үсгээ зурж, түгээхийг та бүхнээс хүсье” гэжээ.

Гарын үсэг зурж нэгдэх Justice for Altantuya Shaariibuu санал асуулга.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08