Наран мандлаа. нарны цацраг хайр халамж бялхсан нэгэн өрхийн цонхыг зөөлхөн тогшин сэрээнэ. Ээжийн халамжинд бөмбөрөх арав гаруй хүүхдүүдийн зарим нь хичээлдээ явахаар босоцгоон гурван өрөөгөөрөө гүйлдэцгээж эхэллээ. Бусдаас түрүүлж угаалгын өрөөнд орж гар нүүрээ угаахаас авахуулаад, толины өмнө удаан зогсож үсээ самналаа гэх мэтчилэн хэрэндээ л бага сагахан асуудал дэгдээцгээнэ. Харин ээжүүд эдгээр асуудлуудыг нүд ирмэх зуур зохицуулж халуун цай, сүүтэй будааг нь идүүлээд 7 цагтай уралдан тав зургаан хүүхдээ дагуулан хичээл сургуульд нь хүргэхээр гарцгаалаа. Бал харандаа, дэвтэрээсээ авахуулаад цүнхээ хүртэл гэртээ мартсан багачууд эргэж буцсаар арайхийн сургуулийн зүг жигдэрцгээх нь өхөөрдмөөр. Энэ айлд хүүхдүүдийн бужигнаан намдана гэж үгүй. Эхний хэдэн хүүхдээ сургуульд нь хүргэсэн ээжүүд 11 цагаас хичээл нь эхлэх үлдсэн хэдэн хүүхдүүд рүүгээ яаран ирж мөн л цай ундыг нь уулгаад эргээд л гарна. Өдрийн 13 цагийн хүүхдүүд рүүгээ ч мөн л яарна. Хүргэнэ, авна, асарна, халамжлана, хооллож ундална, угааж индүүднэ гээд ээжүүдийн ажил дааж давшгүй их.
Эрхэм уншигч та нийтлэлийн маань оршил хэсгийг уншаад олон хүүхэдтэй ээжүүдийн талаар бичээд байгааг төвөггүй ойлгосон байх. Бүр тодруулвал ээжүүдийнхээ хайр энхрийлэлд өлгийдүүлсэн эдгээр хүүхдүүд бол "Манай гэр" асрамжийн төвийн азтай үрс юм. Дөрвөн ээж 26 хүүхдүүдээ хоёр салбар болгон хуваан байршуулсан "Манай гэр" асрамжийн төвийн том ээж буюу захиралыг нь Н.Гаамаа гэдэг. Эцэг эхдээ хаягдаж орхигдсон, бүтэн өнчин, өвчтэй зовлонтой гээд бяцхан зүрхнийх нь талыг эзэлсэн гунигийг хайр халамжаар тэтгэж яваа энэ буянтай эмэгтэй сургуулийн бага насны хүүхдийн мэргэжилтэй. Хан-Уул дүүргийн 46 дугаар цэцэрлэг буюу бидний нэрлэж заншнаар 24-ийн цэцэрлэгт олон жил багшилсан тэрээр "Манай гэр" асрамжийн төвөө байгуулаад өдгөө 10 гаруй жилийн нүүрийг үзээд байгаа аж. Хүүхдэд зүрх сэтгэлээ зориулсан Сэрээнэнгийн Майдаржав, Данзангийн Дуламсүрэн, Жамбын Балхаа зэрэг хүмүүстэй мөр зэрэгцэн ажиллаж тэднээсээ сурсан зүйлээрээ амжилттай ажиллаж, амьдарч яваа Н.Гаамаа эгчийн ярианы гол сэдэв нь хүүхэд. 11 дүгээр хороололд байрлах гурван өрөө байрыг яг л айл шиг тохижуулсан нь цаанаа л нэг дулаахан мэдрэмжийг эрхгүй бэлэглэнэ.
"Энэ гурван өрөө хүүхдүүдийн маань л гэр. Тиймээс бүхий л зүйл маань жирийн айл шиг байх ёстой" хэмээн ярих Н.Гаамаа эгч Сүхбаатар дүүрэгт мөн гурван өрөө байрыг тохижуулж асрамжийн төвөө салбарлуулжээ. Мөн хүүхдүүд нь өсч томрон бэлгийн бойжилт нь явагдахын хэрээр эрэгтэй эмэгтэй, том жижгээр нь тусгаарлах, унаж татаж сэтгэцийн өөрчлөлтөд ордог хүүхдүүддээ давхар сахих гээд түүнд гэртээ харих цаг ховорхон. Өөрийнх нь дөрвөн хүүхэд хэдийнэ нас биед хүрсэн учраас арагшаа татлаа даанч үгүй. Харин ч халамжийн төвийнхөө ажилд дөрвөн хүүхдээ татан оролцуулж туслуулна. Төвийнхөө хүүхдүүдээ салхилуулахад хүүхдүүдийнхээ машиныг нь дайчилна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай өвчтэй хүүхдээ бэрээрээ хүртэл сахиулах үе тулгарна. Өөрийн хүүхдүүдээ өсгөх ажлыг аав ээждээ даатгаад өрөөлийн хүүхдийн төлөө өөрийгөө ч умартан зүтгэх ээжийгээ хүүхдүүд нь хэзээ ч буруутгадаггүйд нь сэтгэл өег.
20-иод хүүхдийн хоол унд, өмсөх зүүх, хичээлийн хэрэгсэл гээд өдөр тутмын хэрэглээний асуудал доороосоо л ундрах аж. "Ядаж л 07 га газраа хөөцөлдөөд авчихвал хүнсний хэрэглээнийхээ ногоогоо тарьчихна. Ногоогоо худалдаж авахгүй болчихвол овоо зардал хэмнэнэ шүү дээ" хэмээн тэрээр хүүрнэнэ. Өнгөрсөн хавар нэг өрх биокомбинатад байрлах хүлэмжээ тэдэнд үнэ төлбөргүй хэрэглүүлэх санал тавьж, Н.Гаамаа эгч хэдэн том хүүхдүүдээ дагуулан уг хүлэмжинд зунжин ажилласан аж.Шаргуу ажлынхаа амтыг энэ намраас амсаж эхэлсэн хүүхдүүд улаан лооль, өргөст хэмх, лууван сонгино, салатны навч зэргээ хэрхэн түүсэн талаараа ам булаалдан ярьцгаана.
"Өдөр бүр л хэдэн том хүүхдүүдээ дагуулаад хүлэмж рүүгээ очиж тарьсан ногоогоо арчилж, тордож усалдаг юм. Хүүхдүүд маань ч сайн ажилласан, ногоо ч арвин ургасан. Машин унаагүй хүмүүс чинь хураасан ургацаа 4-5 килограммаар нь хувааж үүрээд л автобусанд чихэлдээд харьсан даа.Жаахан ядарсан ч ажлынхаа үр шимийг хүртэж, хурааж авсан салатны навчиндаа гахайн мах ороож идэн сайхан тэмдэглэсээн" хэмээн инээлдэх ээж хүүхдүүд даанч сэтгэлд дотнохон дүр зураг. Хураасан өргөст хэмх, улаан лоолио даршилахаар бэлдээд тавьчихсан байгаагаа ч бидэнд үзүүлсэн юм. Хүүхдүүд нь сургуулийн насных учраас бүгд л гоё сайхан зүйлд дурлацгаана. Ангийнх нь хүүхдүүдээс нэг их илүү биш юм гэхэд дутуу явуулахгүйн төлөө хичээх нь ээжийн бас нэг үүрэг. Үүрэх цүнх, өмсөх оймс, өмд, гутал, ядаж дэвтрийн зургийг нь хүртэл тааруулж авахын тулд хүүхдүүдээ ээлж ээлжээр дагуулан зах явна. Ямар сайндаа л хичээлийн шинэ жил дуусч хүүхдүүд амарч эцэг эхчүүдийн цүнх дэвтрээ хэсэг мартагнадаг үе ирж байхад Н.Гаамаа эгчийн ажил өрнөж л байх. 6 дугаар сарын 1 буюу Эх үрсийн баяр дуусаад л маргаашнаас нь хүүхдүүдийнхээ хичээлийн хэрэглэлийг цөөн цөөнөөр нь цуглуулж эхэлдэг гэнэ. Нэг хайрцаг дэвтэр дунд нь хуваагаад ч хүрэлцдэггүй болохоор арга ч үгүй биз. За тэгээд хичээл давтах, гэрийн даалгаврыг нь шалгах, гүйцэтгэх гээд том ажил ундарна. Хүүхэд нэг бүрээ сургуульд ороход нь ангийнх нь багш нартай уулзаж, тухайн хүүхдийнхээ талаар ний нуугүй яриад ойлголцчиход амар байдаг аж. Ирээдүйд улс эх орондоо хэрэгтэй хүн болгож төлөвшүүлж бэлтгэх их ажлынх нь нэгээхэн хэсгийг үүрэлцэж яваа сургуулийнх нь багш нартаа талархаж явдгаа тэрээр дамжуулан илэрхийлж байсан юм.
Ээжийн үүрэг мөр бүтэн, гэдэс цатгалан явуулахаар хязгаарлагдахгүй. Хүнээр хүн хийх үйлсэд жижиг зүйлийг ч анзаарахгүй өнгөрөх учир үгүй. Хүүхдүүд нь багадаа өвдөхгүй л бол бас учиртай байдаг байж. Харин нас биед хүрэх дөхөж, амьдралын зах зухаас зуураад ирэхээр хэлж, ярьж, тайлбарлаж өгөх зүйлс мундахгүй их болно. Охиддоо эмэгтэй хүний бие физиологийн тухай, биеэ хэрхэн зөв авч явах, өөрийгөө хайрлаж хүндлэхнаад зах нь сарын тэмдэг ирэхэд яах ийх талаар тайлбарлаж өгнө. Өрөөнийхөө хаалгыг хааж байгаад л охидын шивнээ хийнэ, тэр талын ном товхимол уншуулах гээд сэтгэл зүйчийн бяцхан мэдлэг ээж нараас шаардана. Хөвгүүд бол арай өөр. Ирээдүйд ээзэмших мэргэжил, өрх толгойлоод ирэхээр гэр бүлээ хэрхэн авч явах талаар тухтай нь аргагүй өрнүүн яриа хөрвүүлдэг аж.
Тэдний хүүхдүүдээс 9 дүгээр ангиа төгсөөд Баян-Чандмань сумын МСҮТөвд хүссэн мэргэжлээрээ суралцсан хүүхдүүд бий. Ах нарынхаа араас ч бас зургаан хүүхэд МСҮТөвд засал чимэглэл, засвар, цахилгаанчин, тогоочийн мэргэжлээр сурахаар төлөвлөөд суралцжуу. МСҮТөвд суралцаж байгаа хүүхдүүд нь гэрийнхээ тоос сорогч, будаа агшаагч зэрэг жижиг сажиг зүйлсийг өөрсдөө засчихдаг болсон талаар ээж нь бидэнд магтаж байв. Биднийг ярилцаж байх зуур хийлийн содон аялгуу чих дэлслээ. Зөвхөн хүүхдийнх л байх гэнэн харцаараа олон зүйлийг өгүүлэх бяцхан охины хийлийн аялгуу үнэхээр олон зүйлийг нэг дор бодогдуулна. Эвлэгхэн нь аргагүй хийл хөгжим тоглох хүүхдүүд бидэнд багахан хэмжээний тоглолт тавьсан юм. Гадаадад сурдаг нэгэн бүсгүй зуны амралтаараа эх орондоо ирээд эдгээр бяцхан жаалуудад хийл хөгжим зааж өгөхийн сацуу таван ширхэг хийл хөгжим худалдан авч өгсөн аж. Хийл хөгжим тоглодог, дуулах бүжиглэх авьяастай нэг охиноо ХБК-д оруулах санаа байгаа тухайгаа ээж хуучилна. Энэ мэтчилэн эцэг эхийн хайр энэрэл гуцуухан балчир үрсэд туслах сайн санаатан хүмүүс олон болсон тухай Н.Гаамаа эгч бахдан ярьж байв. Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцээд гурван охинд нь хичээлийн дүрэмт хувцас худалдан авч бэлэглэсэн хүн байхад нэг өдрийнх нь хоол хүнсийг нь ч даачихдаг хүмүүс бишгүй олон.
Харин улсаас хүүхэд бүрт олгож буй 20.000 төгрөгийг нь хүүхэд бүрийн дансанд нь хийдэг байна. Мэдээж хүүхдүүд нь дунд сургуулиа төгсөөд их дээд сургуульд суралцах нь суралцаж, өрх гэр толгойлоод гарах учраас тухайн үед нь хэрэглэхээр төлөвлөсөн гэнэ.
"Манай гэр" асрамжийн төвд ажиллаж байгаа таван ээжийн цалингийн асуудал жаахан хүндхэн. Улсаас төсөвлөсөн мөнгө гэж үгүй учраас цалингийнхаа асуудлыг ээж нар өөрсдөө л зохицуулна. Тэд хатгамал оёхын сацуу захиалгаар дээл хувцас хийдэг байна. Ээж нарын урласан хатгамал гэрийнхээ ханаар дүүрэн цуглараад байсныг нэгэн компани бүгдийг нь үнэлэн худалдан авч баярлуулжээ. Хатгамлаасаа олсон орлогоос хүүхдүүдийнхээ унтлагын өрөөнд хувцасны шүүгээ хийлгэхээр төлөвлөөд байгаа юм байна. Ийнхүү урд хормойгоо авч хойд хормойгоо нөхөн өдөр хоногийг зүтгүүлж байгаа ч хэцүү хүнд байна хэмээн хэлэх эрх, эдгээр хүүхдүүдийг хаяад явах зүрх Н.Гаамаа эгчид даанч үгүй.
"Хэрвээ дэлгүүр ажиллуулдаг байсан бол ядарсан зүдэрсэн үедээ хэдэн бараагаа зарж үрчихээд дэлгүүрээ хаагаад сэтгэл амар яваад өгнө. Миний хувьд улсдаа хүн хүмүүжүүлж өгөх асар том үүрэг хариуцлагыг хүлээчихсэн хүн шүү дээ" хэмээх Н.Гаамаа эгчийн яриаг сонсож суухад хариуцлага үг тархинд үлдэх аж. Монгол улсын хуулинд хүүхэд 18 нас хүрээд асрамжийн газраас явж бие даах тухай заасан байдаг. Гэхдээ өвчтэй зовлонтой бие даах чадваргүй хүүхдүүдээ яах ч билээ.Нас биед хүрэхээр нь хэдэн гэр барьж өгөөд л асарч халамжлаад явна даа. Миний амьдралын төгсгөл хэзээ ирнэ тэр цагт л хэдэн хүүхдээсээ холдох байх хэмээх энэ сайхан сэтгэлтэй, дардан үйлстэй эмэгтэй бид хоёрын яриа өндөрлөсөн юм.
Уншигч та төсөөлөөд үз дээ! Өөрийн хоёр гурван хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх амар биш тухай ээжүүд бид ам булаалдан ярьдаг. Харин зарим нэг эцэг эх нь бий ч уулзахыг ч хүсдэггүй орхигдсон бас өвдсөн энэ олон хүүхдийг асарч халамжлан өсгөх хэр хөдөлмөр болохыг ахиад төсөөлөх гээд үзье.
Хайрлан тэврэх аав, энхрийлэн эвийлэх ээжгүй ч сайхан сэтгэлтэй буянтны хайраар бүтэн бүлээн өсч өндийж байгаа эдгээр үрс азтай.
АДМИН








Нийгэм






