Зохистой ажлын байрны асуудлаар бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн өндөр түвшний уулзалтыг Хүний эрхийн Үндэсний Комисс, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газар, Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага хамтран зохион байгууллаа.
ХЭҮК-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан уулзалтыг нээж хэлсэн үгэндээ Комисст ирдэг нийт гомдлын 30 орчим хувийг хөдөлмөрлөх эрхийн хүрээний асуудал эзэлдэг. Өнгөрсөн онд хөдөлмөрлөх эрхтэй холбоотой 246 гомдол ирсний 126 нь ажлын байрны дарамт, 12 нь ажлын байран дахь бэлгийн дарамттай холбоотой гомдол байна. Үүнээс үзэхэд бид хүний эрхэд суурилсан бизнес, хөдөлмөрийн харилцаанд дарамт, хүчирхийллээс ангид ажлын байр, орчинг бий болгох шаардлага байгааг харж болно. Тиймээс бизнес, ажил хөдөлмөр эрхэлж буй хүн бүрийн хөдөлмөрийн хүрээний суурь зарчим ба эрхийн талаар мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчдийг хариуцлагжуулах, бизнес дэх хүний эрхийн зарчмуудыг хэрэгжүүлэх замаар зохистой ажлын байрыг бий болгохыг дэмжих нь Засгийн газар, ажил олгогч, ажилтны төлөөллийн байгууллагууд бид бүгдийн хамтын ажиллагаанаас хамаарна гэдгийг онцлов.

Мөн энэ үеэр Хөдөлмөрийн хүрээний дарамт, хүчирхийллийн нөхцөл байдалд хийсэн судалгааны үр дүн, цаашид авах арга хэмжээний талаар Комиссын гишүүн Д.Сүнжид илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүллээ. Тэрээр Монгол Улс олон улсын хөдөлмөрийн байгууллагын суурь найман конвенцид нэгдэн орсон. Ажил хөдөлмөрт ижил цалин авах, албадан хөдөлмөрлөж болохгүй, хүчирхийлэлгүй гэх мэт үндсэн зарчмуудыг тусгасан байдаг. Шинэчилсэн Хөдөлмөрийн тухай хуулинд ажлын байрны дарамт, хүчирхийллийг хориглох гэсэн шинэ заалтын тусад нь томьёолж оруулж өгсөн. Учир нь өнгөрсөн хугацаанд хөдөлмөрийн орчин дахь дарамт хүчирхийлэл ямар байгаад хэсэгчилсэн судалгааг хийхэд “байгаа” гэсэн дүгнэлт гарсан.Тиймээс үндэсний хэмжээнд ажлын байран дээрх дарамт, хүчирхийллийн дүр зургийг харахаар тусгайлан хуульчдын багаар хийлгэсэн гэдгийг тодотгов.

Комиссын зүгээс Улсын Их Хуралд жил бүр өргөн барьдаг Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлд энэ жилийн (2022) тухайд ажил эрхлэлт хөдөлмөрийн харилцаанд хүүхдийн хөдөлмөр болон хөдөлмөрийн хүрээний дарамт, хүчирхийллийн талаар анхаарвал зохих цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд бодлогын санал зөвлөмжийг хууль тогтоогч, шийдвэр гаргагчдад хүргүүлэхээр ажиллаж байна.
Уулзалтад оролцогчдод хандан Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Аксель Никейз, ХНХ-ын сайд А.Ариунзаяа, Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын Монгол Улсыг хариуцсан товчооны захирал Чангхи Ли нар мэндчилгээ дэвшүүлэв.
АДМИН








Нийгэм







