Шатахууны урт хугацааны баталгаа ба Ногоон шилжилт: Монгол Улс БНХАУ-ын аж үйлдвэрийн гигант “NORINCO” групптэй стратегийн түншлэл тогтооно
Монгол Улсын Засгийн газраас шатахууны хамаарлыг бууруулах, эрчим хүчний олон талт эх үүсвэрийг нэвтрүүлэх урт хугацааны стратегийн хүрээнд ээлжит нэгэн томоохон хэлэлцээрийг хийлээ.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Гонгорын Дамдинням БНХАУ-д ажиллах үеэрээ тус улсын аж үйлдвэр, технологийн ууган цогцолбор болох "NORINCO Group" (China North Industries Group Corporation)-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Жоу Жипин (Zhou Zhiping)-тэй уулзаж, батлан хамгаалах, уул уурхай, инженерчлэлийн салбараас гадна газрын тос, нүүрс-химийн чиглэлээр түүхэн хамтын ажиллагаа эхлүүлэхээр тохиролцлоо.

Уулзалтын үеэр талууд газрын тосны бүтээгдэхүүний тогтвортой нийлүүлэлт, нүүрсийг гүн боловсруулах нүүрс-химийн үйлдвэр барих болон геологи хайгуулын салбарт хөрөнгө оруулалт татах зэрэг мега төслүүдийг хамтран хэрэгжүүлэх санал солилцсон байна.
Спот худалдан авалтаас урт хугацааны гэрээ рүү: Шатахууны үнэ тогтворжино
Монгол Улсын зах зээлд хамгийн том тулгамдсан асуудал болох шатахууны хангамж, үнийн хэлбэлзлийг шийдвэрлэхийн тулд талууд богино хугацааны худалдан авалтаас татгалзаж, урт хугацааны тогтвортой гэрээний нөхцөл бүрдүүлэхээр тогтов. Ингэснээр нийлүүлэлтийн хэмжээг тодорхой болгох, үнийн томьёоллыг урьдчилан тохирох суурь тавигдаж байна.
Үүний тулд:
- Экспортын квот: “NORINCO Group” өөрийн харьяа нефть боловсруулах үйлдвэрээс Монгол Улсад нийлүүлэлт хийх бэлтгэлээ хангаж, эхний ээлжид БНХАУ-ын Хөгжил, шинэчлэлийн хорооноос экспортын тусгай квотыг тодорхой болгохоор ажиллахаа илэрхийлэв.
- Логистик шийдэл: Квот баталгаажсаны дараа талууд төмөр замын логистик болон хилийн боомтуудын дэд бүтцийн асуудлыг шуурхай шийдвэрлэхээр тохиролцсон байна.
Нүүрс-химийн цогцолбор ба Геологийн шинэ хөрөнгө оруулалт
Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан стратегийн чухал зорилт болох Нүүрс-химийн цогцолбор байгуулах төслийн хүрээнд “NORINCO Group”-ийг технологийн болон хөрөнгө оруулалтын үндсэн түншээр оролцуулах боломжийг судлахаар боллоо. Энэхүү төсөл нь нүүрсийг зөвхөн түүхийгээр нь экспортлох бус, дотооддоо гүн боловсруулж, нийлэг хий, шингэн түлш болон бусад нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх замаар ногоон шилжилтийг эрчимжүүлэх ач холбогдолтой юм.
Үүнээс гадна тус групп Монгол Улсын уул уурхайн ирээдүйн нөөцийг тодорхойлох геологи, хайгуулын салбарт хөрөнгө оруулалт хийх, шинэ талбайнуудад хамтран ажиллах сонирхлоо албан ёсоор илэрхийлэв.
Уулзалтын төгсгөлд талууд зөвхөн яриа хэлэлцээрийн түвшинд үлдэхгүйгээр 1. Газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт, 2. Нүүрсийг гүн боловсруулах гэсэн хоёр үндсэн чиглэлээр хамтарсан шуурхай Ажлын хэсэг байгуулж, төслүүдийг тодорхой үе шаттайгаар амьдрал дээр хэрэгжүүлж эхлэхээр санал нэгдэв.
ТАТАР МАЙДАР







Эдийн засаг




