Dark Light
Урлаг соёл | 2026-09-10

ЧИНГИС ХААНЫ ТҮҮХ ТЕННЕССИ МУЖИЙГ БАЙЛДАН ДАГУУЛНА

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | PRNewswire
Чингис хааны түүх Теннессиг байлдан дагуулна: АНУ-д 300 гаруй түүхэн үзмэр, амьд тоглолт бүхий олон улсын мега үзэсгэлэн гарах гэнэ
 
АНУ-ын Теннесси мужийн дэлхийн түвшний алдартай музей, өвийн хүрээлэн болох “Discovery Park of America” ирэх 2027 оны зун монголчуудын түүх, соёлыг Америкийн ард түмэнд таниулах олон улсын томоохон хөдөлгөөнт үзэсгэлэнг зохион байгуулахаа албан ёсоор зарлалаа. “Чингис хаан: Эзэнт гүрний чанадад…” (Genghis Khan: Beyond the Empire) нэртэй тус үзэсгэлэн 2027 оны 6 дугаар сарын 15-наас 9 дүгээр сарын 7-ны өдрийг хүртэл олон нийтэд нээлттэй үргэлжлэх бөгөөд музейн 4000 орчим ам дөрвөлжин фут (370 гаруй мкв) талбайг 13 дугаар зууны Монголын ертөнц болгон хувиргах аж.
Уг үзэсгэлэнгийн ерөнхий ивээн тэтгэгчээр АНУ-ын “Leaders Credit Union” ажиллаж байна. Гурван ширхэг 53 футын урттай ачааны машинаар тээвэрлэгдэн ирэх тус үзэсгэлэнг дэлгэн тавихад бараг хоёр долоо хоногийн хугацаа шаардагдах бөгөөд 300 гаруй ховор үзмэр, бодит орчин, интерактив технологи болон монгол уран бүтээлчдийн амьд соёлын тоглолтуудыг багтаажээ.
 
Эзэн хааны түүхийг шинэ өнцгөөс харуулна
 
“Discovery Park of America”-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Скотт Уильямс хэлэхдээ: "Энэхүү үзэсгэлэн бол жинхэнэ утгаараа нээлт юм. Манай зочид Монголын соёлыг урлаг, хөгжим, уламжлал, түүхэн олдвор, түүхээр нь дамжуулан биеэр мэдрэх болно. Үзэгчид урьд өмнө нь маш бага мэддэг байсан дэлхийн тэрхүү түүхэн цаг үеийн талаар илүү баялаг ойлголттой болж буцна гэдэгт итгэлтэй байна. Өөр соёл иргэншилтэй ийм байдлаар тулгарах нь манай паркийн гол зорилго юм" хэмээн онцолжээ.
 
Үзэсгэлэн нь Чингис хааныг зөвхөн дайнч, байлдан дагуулагч байсан гэх хэвшмэл ойлголтоос хальж, хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн нөлөө бүхий эзэнт гүрний цаадах хувь хүн, ард түмэн, соёлыг гүнзгий харуулахыг зорьсон байна. Зочид Монголын тал нутгаас эхлээд Чингис хааны армийн мандалт, Хархорум хотын туурь, Торгоны зам болон түүний ач хүү Хубилай хааны ордны амьдралаар аялах юм.
 
Түүхэн ховор олдворууд ба Монгол ахуй
 
Үзэсгэлэнд Монгол болон Евразийн түүхийн олон зуун жилийг хамарсан сэлэм, нум сум, хуяг дуулга, шаазан эдлэл, шашны зан үйлийн зүйлс, уламжлалт хувцас, морины хэрэгсэл, хөгжмийн зэмсэг, ахуйн хэрэглэлүүд тавигдана. Онцлох үзмэрүүдээс дурдвал:
  • Чингис хааны амьд сэрүүн байх үе буюу ойролцоогоор 1225 оны үеийн сэлэм,
  • 1260 оны Монгол сэлэм,
  • 1300 оны үеийн дэлгэмэл нум болон морьт цэргийн хуяг дуулга,
  • 1328 оны хүрлээр хийсэн галт зэвсэг зэрэг Их Монгол Улсын мандал бадралын үеийн ховор зэвсгүүд багтжээ.
Мөн үзэсгэлэнгийн танхимд бодит хэмжээтэй монгол гэр баригдаж, интерактив мэдрэгчтэй дэлгэц, баримтат кино, дүрүүдэд хувирах тоглоомын хэсгүүд ажиллана.
 
Америкийн хоймор дахь хөөмий ба морин хуур
 
Тус үзэсгэлэнгийн хамгийн амьд бөгөөд онцлох хэсэг нь үзэсгэлэн үргэлжлэх хугацаанд Монгол уран бүтээлчид “Discovery Park”-д байрлан, өдөр бүр зочдод зориулж морин хуур, үндэсний хөгжмийн зэмсэг болон хөөмийн амьд тоглолтуудыг толилуулах явдал юм. Уран бүтээлчид үзэгчидтэй шууд харилцаж, өөрсдийн хөгжмийн зэмсэг, үндэсний хувцас, урлаг болон Монгол дахь амьдралын хэв маягийн талаар ярилцах аж.
 
Энэхүү үзэсгэлэнг зохиолч, “Dino Don Inc” компанийн ерөнхийлөгч Дон Лессем Смитсонианы институтын доктор Уильям Фитжуг болон Колумбын их сургуулийн доктор Моррис Россаби нарын кураторын зөвлөгөөтэйгөөр зохион байгуулж байна. Түүнчлэн, Улаанбаатар хот дахь Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамтай хамтран боловсруулжээ.
 
Дон Лессем хэлэхдээ: "Энэ үзэсгэлэн түүх, соёл, урлаг, технологийг хослуулсан бөгөөд монгол дайчныг анх удаа харж буй хүүхэд, дэлхийн түүх судалж буй оюутан эсвэл 800 жилийн өмнөх үйл явдал өнөөгийн дэлхий ертөнцөд хэрхэн нөлөөлж байгааг ойлгохыг хүссэн насанд хүрэгчдэд мартагдашгүй урам зориг өгөх болно" гэжээ.
 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19