Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан БНХАУ-ын Жянсу мужийн Ляньюньган хотноо зохион байгуулагдаж буй “Дэлхий дахины аюулгүй байдлын хамтын ажиллагааны форум”-д оролцож байна. Тэрээр айлчлалынхаа хүрээнд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайд Ван Шяохунтай уулзаж, хоёр улсын хууль сахиулах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцжээ.
2015 оноос зохион байгуулагдаж буй тус форумд дэлхийн 100 гаруй улсын хууль сахиулах байгууллага, олон улсын байгууллагын төлөөлөл оролцож, терроризм, цахим гэмт хэрэг, хил дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг зэрэг аюулгүй байдлын сорилтын талаар туршлага, мэдээлэл солилцдог. Энэ удаагийн форумын хүрээнд хар тамхи, терроризм, кибер аюулгүй байдал, шилжилт хөдөлгөөн, цагдаагийн боловсрол зэрэг чиглэлээр найман дэд форум зохион байгуулагдаж байна.
С.Амарсайхан, Ван Шяохун нарын уулзалтаар хилийн зөрчил, хил дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, мансууруулах бодисын хууль бус эргэлт, олон улсын цахим залилантай тэмцэх хамтын ажиллагааг бэхжүүлэхээр санал нэгдэв. Мөн хууль сахиулах салбарт дэвшилтэт технологи нэвтрүүлэх, мэдээлэл, сайн туршлага солилцох, байгууллагуудын уялдаа холбоог сайжруулахад анхаарч ажиллахаар тохиролцжээ.
“Дэлхий дахины аюулгүй байдлын хамтын ажиллагааны форум” есдүгээр сарын 8-10-ны өдрүүдэд үргэлжилж байна.







Нийгэм




