Өдөр тутмын сонинуудын холбооноос зохион байгуулсан “Түгжрэлийн шийдэл” хэлэлцүүлэг амжилттай болж өндөрлөсөн. Тус хэлэлцүүлгийн үеэр өрнөсөн асуулт хариултаас хүргэж байна.
Улаанбаатар хотын авто замын нэвтрүүлэх чадварыг сайжруулахын тулд аль болох зүүн гар тийш эргэх хөдөлгөөнийг хязгаарлах, явган зорчигч тээврийн хэрэгсэл хоёрыг аль болох огтлолцуулахгүй байх гэсэн хоёр үндсэн зарчим чухал санагддаг. Тодорхой бүсүүд, хороолол доторх замыг нэг урсгалтай болгох бололцоо бий юү. Нүхэн гарцуудын ойролцоо дөрвөн замын уулзвар зэрэгцээд байгаа нь оновчтой биш, нийтийн тээврийн хэрэгслийн нэвтрүүлэх чадвар муу байгаа. Энэ бүхнийг нарийвчлан судалсан уу?
Тээврийн цагдаагийн албаны Замын хөдөлгөөний зохицуулалт хариуцсан дэд дарга, хурандаа Б.Батболд:
Улаанбаатар хотын түгжрэлд нөлөөлж байгаа олон асуудал байдгийн нэг нь бидэнд хамааралтай буюу замын хөдөлгөөнд оролцогчдын дэг журам, хууль тогтоомжийн хэрэгжилт юм. Манай байгууллага зам барьдаггүй, зохион байгуулалт хийдэггүй. Хийсэн замын зохион байгуулалт дээр дүрмийн хэрэгцээг хангаж ажиллах үндсэн үүрэгтэй байгууллага. Өнөөдөр Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг зохицуулах үүргийг 400 гаруй албан хаагч өдөр, шөнийн 24 цагт хүлээн ажилладаг. Бидний ажилд нэг бэрхшээл байгаа нь авто замын хөдөлгөөнд дэг журамгүй оролцож буй жолооч нарт бэлэн бус торгууль ногдуулдаг болсноос хойш дэг журам улам муу болж, замын хөдөлгөөнд дураараа оролцдог болсон. Ногдуулсан торгуулийн 60 хувь нь л төлөгддөг. Тиймээс торгууль төлөөгүй жолооч нарт төрийн үйлчилгээг хязгаарлах саналыг Зөрчлийн тухай хуульд оруулж байгаа.
Нэгдүгээр эгнээг чөлөөлөх тал дээр манай зохицуулагч нар хяналт тавихын зэрэгцээ камерын бичлэгийг үндэс болгодог. Замын зохицуулагчдын хүрэлцээ муу байдаг учраас камергүй замуудад нэгдүгээр эгнээгээр зорчсоор байгаа. Хойшид хөдөлгөөнт хяналтын систем буюу автобусанд камер тавьж, нэгдүгээр эгнээгээр зорчсон, автобусны зогсоол дээр машинаа тавьдаг зөрчлүүдийг илрүүлж, торгууль ногдуулдаг болно.
АДМИН







Нийгэм






