Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай сэдвийг тойрон хамгийн хүчтэй яригдаж байгаа нэг сэдэвт УИХ-ын гишүүний тоог 76-аас нэмэгдүүлж 100 гаргах тухай байр суурь багтаж байгаа. Парламентын засаглалтай дэлхийн улс орнууд жишгээс харахад парламентын гишүүдийн тоогоо хүн амын тоогоо харьцуулан гаргадаг байна.
Үндсэн хуулийн эхийг баригч Б.Чимэд агсан 1992 онд УИХ-ын гишүүдийн тоог 102 байх ёстой гэж үзэж байжээ.
Монгол Улсын Их Хурал яагаад 76 гишүүнтэй болсон бэ гэдэг түүхийг сөхөж харвал сонирхолтой дүр зураг харагдаж байгаа юм. Тухайлбал, 1992 онд шинэ Үндсэн хуулийг баталсан Ардын их хурлын депутатуудын нэг, шинэ Үндсэн хуулийг эхийг баригч Монгол Улсын гавьяат хууль Б.Чимэд гуай байнгын ажиллагаатай байгуулах УИХ-ын гишүүдийн тоог 102-т барих саналыг Ардын их хуралд оруулж ирж байжээ. Түүнчлэн Б.Чимэд гуай энэ саналтайгаа хамт УИХ-ын сонгуулийг одоо яригдаж буй пропорциональ системтэй явуулдаг болох, Ерөнхийлөгчөө УИХ-аасаа сонгодог, сонгодог парламенттай байх хувилбарыг оруулж ирж байсан юм байна.
Шинэ Үндсэн хуулийг баталсан Ардын их хурлын депутатууд энэ саналаар хэд хэдэн удаа санал хураасан боловч санал тэнцсэн, эцэстээ 102 гэдэг тоог 76 болгон бууруулснаар УИХ-ын гишүүдийн тоо 76 дээр тогтжээ.
Хэрвээ Үндсэн хуульд одоо нэмэлт өөрчлөлт оруулбал, УИХ-ын гишүүдийн тоо нэлээн өсөж, 120-иос дээш давж магадгүй байна. 1992 онд шинэ Үндсэн хуулийг баталж байхад Монгол Улсын хүн ам хоёр сая байсан бол өнөөдөр 3.4 саяд хүрсэн. Олон улсын жишгээр нэг парламентын гишүүн хүн амын тодорхой хувийг төлөөлдөг бол 120 гишүүн 20-30 мянган иргэнийг төлөөлнө гэсэн тооцоог судлаачид математик аргачлалаар гаргасан байна.
Монгол Улсын хувьд УИХ-ын гишүүдийн тоо 120-иос дээш гарвал хуйвалдах магадлал буурч, хулгай хийх боломж нь саарна. Лообийд автдаг гишүүдийн кнопны хүчин чадал хоёр дахин буурч, санал хайрцаглаж асуудал шийддэг гаж зуршил УИХ-аас сална гэж судлаачид үзэж байгаа юм байна.