Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор “Дэлхийн аварга шалгаруулах Мас-рестлингийн VII тэмцээн”-ийг 2025 оны 7 дугаар сарын 31-нээс 8 дугаар сарын 03-ны өдрүүдэд Архангай аймгийн төв дэх “АРА” комплекс болон “АРА” аренад амжилттай зохион байгууллаа.
Тэмцээнд 33 орны 300 орчим баг тамирчид оролцлоо. Монгол Улсаас 66, Оросын Холбооны Улсаас 60, Бүгд Найрамдах Киргиз Улсаас 34 тамирчин ирж, хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй багт тооцогдов.
Нэгдсэн дүнгээр тэргүүн байрт ОХУ, дэд байрт Киргиз Улс, гутгаар байрт Монгол Улсын баг жагслаа. Монгол Улсын баг тамирчид алт 5, мөнгө 10, хүрэл 36, нийт 51 медаль хүртэж өндөр амжилт үзүүллээ. Үүнээс, өсвөр үеийн насны ангилалд 2 алт, 5 мөнгө, 11 хүрэл нийт 18 медаль хүртэв.
Хүндэт зочноор ОХУ-ын Холбооны зөвлөлийн гишүүн, Олон улсын “Мас-Рестлинг”-ийн холбооны Ерөнхийлөгч А.К.Акимов, ОХУ-ын Бүгд Найрамдах Саха Якут Улсын “Ил Тумэн” их хурлын дарга А.И. Еремеев, ОХУ-ын Бүгд Найрамдах Саха Якут Улсын Биеийн тамир, спортын сайд Л.Н.Спиридонов, олимп, дэлхийн аварга П.П.Пинигин зэрэг төлөөлөгчид оролцлоо.
Тэмцээнийг амжилттай зохион байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан зочид, албаныхан, тамирчдыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам (ССАЖЗЯ) болон Засгийн газраас шагнаж урамшууллаа.
ССАЖЗЯ-ны жуух бичиг – Л.Н. Спиридонов, П.П. Пинигин, Олон улсын Мас-рестлингийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга И.Ю. Григории нар,
Засгийн газрын шагнал “Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан” цол тэмдэг – Архангай аймгийн Биеийн тамир, спортын газрын нягтлан бодогч Г. Нэргүй, Монголын “Мас-Рестлинг”-ийн холбооны Ерөнхийлөгч Э. Мөнхсүрэн, дэлхийн аварга тамирчин Х. Мөнхтуяа нар шагнуулав.
Дээрх шагналыг ССАЖЗЯ-ны Биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д. Жаргалсайхан хаалтын ёслолын ажиллагааны үеэр гардуулан өглөө.
Уг тэмцээний үеэр “Хүннү хаан” театрчилсан урлагийн тоглолт, “АРА” урлагийн фестиваль, тоглолтыг зохион байгуулан, үндэсний соёл, зан заншил, түүхэн өв уламжлалаа гадаадын зочид, төлөөлөгч нарт танилцуулснаар соёл, спорт, аялал жуулчлалын нэгдмэл бүтээгдэхүүн болгож чадсан юм.
Орон нутагт анх удаа зохион байгуулагдсан энэхүү дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Архангай аймгийн Засаг даргын Тамгын газар (Засаг дарга Б. Цэрэннадмид), Монголын Мас-рестлингийн спортын холбоо хамтран амжилттай зохион байгууллаа.