Дундговь аймгийн Засаг даргын 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн А/336 тоот захирамжийн дагуу Дундговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга С.Од-Эрдэнээр ахлуулсан аймгийн Засаг даргын Тамгын газар, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Мал эмнэлгийн газрын хамтарсан ажлын хэсэг Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Гурвансайхан” ХХК, малчид хоорондын зөрчилдөөн, үйл ажиллагааг хуулийн хүрээнд явуулж буй эсэх, иргэдийн эрх ашиг хөндөгдөж буй болон малын зүй бус хорогдлын асуудлыг газар дээр нь үзэж ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн орд газар дээр байх ёстой бичиг баримтын бүрдэл зэрэгт хяналт тавин ажиллаа.
Тус компанийн бичиг баримтын бүрдэл хуулийн дагуу байна. Хайгуулын үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа усыг гэрээнд заагдсан худгаас бус хяналтын цооногоос авч хэрэглэсэн зөрчлийг газар дээр нь арилгууллаа. Өлзийт сумын Буянт багийн ойр орчмын үхсэн малаас дээж авч Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторид шинжлүүлэхээр хүргүүлсэн шинжилгээний дүн хараахан гараагүй байна.
Мөн Гурвансайхан ХХК–ийн удирдлагууд хуульд заасны дагуу үйл ажиллагаагаа явуулахаа илэрхийлсэн бөгөөд аймгийн Засаг даргатай уулзаж хэлэлцээр хийхээр болсон байна.


АДМИН







Нийгэм





