Dark Light
Нийгэм | 2022-10-12

Монгол улсын 2023 оны татварын нийт орлого 17 их наяд төгрөг байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

УИХ-ын намрын чуулганаар МУ-ын 2023 оны Төсвийн тухайн хуулийг хэлэлцэж байгаа. Ирэх 2023 онд нийт татварын орлого 2022 оны батлагдсан дүнгээс 25.2 хувиар нэмэгдэж, 17.0 их наяд төгрөгт хүрэхээр тооцсон. Үүнээс 26.5 хувь буюу 4,530.0 тэрбум төгрөгийг нэмэгдсэн өртгийн албан татварын орлого, 21.1 хувь буюу 3,597.3 тэрбум төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэлийн рлого, 20.6 хувь буюу 3,509.7 орлогын албан татварын орлого, 8.9 хувь буюу 1,520.0 тэрбум төгрөгийг гадаад үйл ажиллагааны орлого, 5.7 хувь буюу 966.0 тэрбум төгрөгийг онцгой албан татварын орлого, үлдсэн хэсгийг бусад татварын орлого бүрдүүлж байна.  

Татварын орлогыг салбар бүрээр ангилан харуулбал: 

Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын орлогын төсөөллийг макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд болон уул уурхайн гол нэр төрлийн эрдэс бүтээгдэхүүний үнэ, биет хэмжээ, өмнөх жилүүдийн аж ахуйн нэгжийн тайлангийн үзүүлэлтэд үндэслэн тооцлоо.

Ирэх онд эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд сэргэж, уул уурхайн экспорт өсөх хандлагатай байна. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын орлого 2022 оны батлагдсан түвшинтэй харьцуулахад 13.6 хувиар өсөж, 2,400.0 тэрбум төгрөгт хүрэхээр байна.

Хувь хүний орлогын албан татвар

Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8.17-д заасны дагуу Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 7.1-д заасан орлогод ногдох албан татварын орлогыг сум, дүүргийн төсөвт төвлөрүүлж байна. Хувь хүний орлогын албан татварын орлогыг өмнөх жилүүдийн орлогын гүйцэтгэл болон цалин хөдөлмөрийн хөлсний өсөлт зэрэгтэй уялдуулан энэ оны батлагдсан дүнгээс 11.5 хувиар нэмэгдүүлэн 1,262.8 тэрбум төгрөгт хүрэхээр тооцсон. Хувь хүний орлогын албан татварын өсөлтөд ирэх онд нэмэгдэх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, хувь хүний орлогын албан татварын шаталсан тогтолцооны өөрчлөлт болон цалингийн сангийн өсөлт голлон нөлөөлж байна.

Дотоодын барааны нэмэгдсэн өртгийн албан татвар

Эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд, цахим төлбөрийн баримтын системийн хамрагдалтын түвшин, өмнөх жилүүдийн гүйцэтгэл зэргийг харгалзан 2023 онд дотоодын барааны нэмэгдсэн өртгийн албан татварын орлого энэ оны батлагдсан дүнгээс 9.7 хувиар өсөж, 1,700.0 тэрбум төгрөгт хүрэхээр тооцсон.

Нэмэгдсэн өртгийн албан татварын сугалааны урамшууллыг үргэлжлүүлж, цахим төлбөрийн  баримтын системийн шинэ хувилбаруудыг нэвтрүүлэн, ашиглахад илүү энгийн хялбар болгож, хамрах хүрээг өргөтгөх бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлснээр нэмэгдсэн өртгийн албан татварын орлогыг нэмэгдүүлнэ.

Автобензин, дизелийн түлшний онцгой албан татвар

Үнийн өсөлтөөс сэргийлэх зорилгоор Засгийн газар 2022 оны 161 дүгээр тогтоол баталж, суурь инфляцад голлон нөлөөлдөг бүтээгдэхүүн болох газрын тосны зарим бүтээгдэхүүний гаалийн болон онцгой албан татварыг бууруулж, “0” хүртэл хувиар тогтоосон. Ирэх 2023 онд тус арга хэмжээг үргэлжлүүлэхээр тооцож, автобензин, дизелийн түлшний онцгой албан татварын орлогоор нийт 100.0 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр тооцлоо.

Суудлын автомашины онцгой албан татвар

Монгол Улсад импортолж байгаа нийт тээврийн хэрэгслийн 73 орчим хувийг хос тэжээлт, шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин эзэлж байна. Суудлын автомашины импорт, импортолсон автомашины насжилт, хөдөлгүүрийн багтаамж зэргийг харгалзан ирэх онд суудлын автомашины онцгой албан татварын орлогоор 290.0 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлэхээр тооцлоо.

Согтууруулах ундаа, тамхины онцгой албан татвар 

Архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх, архидан согтуурахтай тэмцэх, согтууруулах ундаа үйлдвэрлэх худалдаалах харилцаанд хяналт тавих зорилгоор Улсын Их Хурал 2022 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг баталсан. Тус хууль батлагдсантай холбогдуулан Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдаж, бүх төрлийн өндөр хатуулагтай архи, спирт, спиртэн бүтээгдэхүүнд ногдох онцгой албан татварын хэмжээг нэмэгдүүлсэн. Дээрх хуулийн өөрчлөлт болон согтууруулах ундаа, тамхины хэрэглээний түвшин, орлогын гүйцэтгэл зэргийг үндэслэн 2023 онд согтууруулах ундаа, тамхинд ногдуулах онцгой албан татварын орлогоор 576.0 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр тооцлоо.

Импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын орлого

Макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, импортын барааны бүтцийн өөрчлөлт болон өмнөх жилүүдийн орлогын гүйцэтгэлтэй уялдуулан ирэх онд гаалийн албан татварын орлогоор 1,520.0 тэрбум төгрөг, импортын барааны нэмэгдсэн өртгийн албан татварын орлогоор 3,160.0 тэрбум төгрөгийг тус тус төсөвт төвлөрүүлэхээр тооцов.

Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр

Олон улсын банк, санхүүгийн байгууллагаас гаргасан эрдэс бүтээгдэхүүний үнийн таамаглал, уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа томоохон аж ахуйн нэгжийн 2023 оны олборлолт, экспортын төлөвлөгөө, өмнөх онуудын гүйцэтгэл зэрэгт үндэслэн ирэх онд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогоор 2,515.1 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр байна. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогын 47.3 хувь буюу 1,189.1 тэрбум төгрөгийг зэсийн баяжмал, 36.9 хувь буюу 927.1 тэрбум төгрөгийг нүүрс, 6.6 хувь буюу 165.0 тэрбум төгрөгийг алтны үйлдвэрлэлээс төвлөрөх орлого эзэлж байна.

Ирэх онд нүүрсний экспорт 36.5 сая тонн, зэсийн баяжмалын экспорт 1.4 сая тонн, Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд тушаах алтны хэмжээ 17.0 тонн байхаар, харин нүүрсний үнэ тонн тутамд дунджаар 144.0 ам.доллар, зэсийн үнэ тонн тутамд 8,400.0 ам.доллар, алтны үнэ унц тутамд 1,830.0 ам.доллар байхаар төсөөлсөн.

Агаарын бохирдлын төлбөр

Агаарын бохирдлын төлбөрийн орлогоор ирэх онд 40.4 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлэхээр тооцлоо. Үүний 95.0 орчим хувь буюу 38.4 тэрбум төгрөгийг олборлосон түүхий нүүрсэнд ногдуулах агаарын бохирдлын төлбөрөөр, үлдсэн 2.0 тэрбум төгрөгийг авто тээврийн болон өөрөө явагч эрэгслээс ялгарах нүүрсхүчлийн хийнд ногдуулах төлбөрөөр тус тус төсөвт төвлөрүүлнэ.

Хөрөнгийн албан татвар

 Ирэх 2023 онд хөрөнгийн албан татварын орлогоор 159.6 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр тооцсон. Үүний 71 хувийг үл хөдлөх хөрөнгийн албан татварын орлого, 28 хувийг авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын орлого, нэг хувийг бууны албан татварын орлого тус тус эзэлж байна.

Газрын төлбөрийн орлого

Улсын хэмжээнд олгогдсн газрын эрхийг бүрэн бүртгэж, мэдээллийн нэгдсэн сан үүсгэн, газрын төлбөр ногдуулалт, төлөлтийг цахим хэлбэрт шилжүүлэх замаар газрын төлбөрийг бүрэн хураах цогц бодлогын арга хэмжээг Засгийн газар шат дараалан авч хэрэгжүүлж байна. Ирэх 2023 онд газрын төлбөрийн орлогоор 87.0 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлэхээр тооцсон бөгөөд үүнээс газрын төлбөрийн орлогоор 81.2 тэрбум төгрөг, дуудлага худалдааны орлогоор 5.8 тэрбум төгрөгийг тус тус төсөвт төвлөрүүлэхээр тооцов.

Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөр

Монгол Улсын хэмжээнд 2022 оны хагас жилийн байдлаар 4.9 сая га талбайд ашигт малтмалын ашиглалтын 1,695, хайгуулын 649, нийт 2,344 тусгай зөвшөөрөл бүртгэлтэй байна. Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан хувь хэмжээнд үндэслэн ирэх онд тусгай зөвшөөрлийн төлбөрөөр 29.7 тэрбум төгрөгийн орлогыг төсөвт төвлөрүүлэхээр тооцсон.

Татварын бус орлого

Ирэх онд нийт татварын бус орлогыг 1,856.5 тэрбум төгрөг байхаар тооцлоо. Үүний 30.7 хувийг тусламжийн орлого, 22.9 хувийг газрын тосны орлого, 15.3 хувийг төсөвт байгууллагын өөрийн орлого, 8.1 хувийг навигацийн орлого тус тус эзэлж байна.

Газрын тосны орлого

Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүдээс “Петрочайна дачин тамсаг” ХХК нь “Тосон-Уул 19”, “Тамсаг 21” талбайд, “Доншен газрын тос” ХХК нь “Зүүнбаян 97” талбайд олборлолтын үйл ажиллагаа явуулж байна. Нийт газрын тосны 93 гаруй хувийг “Петрочайна дачин тамсаг” ХХК, 7 орчим хувийг “Доншен газрын тос” ХХК экспортолж байна. Ирэх онд газрын тосны нийт экспортын хэмжээг 6.5 сая баррель, нэг баррель газрын тосны үнийг 83.0 орчим ам.доллар байхаар төсөөлж нийт 425.0 тэрбум төгрөгийг газрын тосны орлогоор төсөвт төвлөрүүлнэ гэж тооцов.

Навигацийн орлого

Ирэх онд манай улсын газар нутаг дээгүүр дамжин өнгөрөх, буух, хөөрөх агаарын тээврийн хэрэгсэлд үзүүлэх навигацийн үйлчилгээний орлогоор улсын төсөвт 150.0 тэрбум төгрөг төвлөрөхөөр байна

Хувьцааны ногдол ашиг

Төрийн өмчийн хуулийн этгээдүүдийн ногдол ашгийн бодлогын шинэчлэлийн хүрээнд төрийн өмчит компаниуд ашигтай ажилласан эсэхээс үл хамаарч тодорхой бодлогоор ногдол ашиг хэлбэрээр төрийн өмчийн хөрөнгийн өгөөжийг төсөвт жил бүр төвлөрүүлж ажиллана. Үүний дагуу олон улсын гэрээ болон тусгайлсан хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг, ашигтай ажиллах боломжгүй, үнэ тарифыг төрөөс зохицуулдаг төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдээс бусад этгээд нь ногдол ашиг хуваарилахдаа санхүүгийн тайлант жилийн үр дүнгээс үл хамаарч цэвэр ашгийн 50 хувь, эсхүл төрийн эзэмшилд хамаарах эздийн өмчийн 1 хувийн аль их дүнгээр ногдол ашиг тооцно. Ингэснээр ирэх 2023 онд 568.5 тэрбум төгрөгийн ногдол ашгийн орлогыг Ирээдүйн өв сан болон улсын төсөвт төвлөрүүлэхээр тооцлоо.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10